Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Өмнөговьд гадаадын иргэн, ААН-д газар олгосныг Ерөнхийлөгч онцгой анхаарч, шуурхай шалгахыг ЗГ-т чиглэл болгосон"

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалангийн хамт өчигдөр хуралдсан тухай мэдээлэл гарсан. 

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө^

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлж байна.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд үндсэн гурван асуудал бий. 

Тэдгээр нь

  1. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал
  2. Үндэсний аюулгүй байдал
  3. Ард түмний үндэсний эв нэгдэл юм.

Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх учиртай байгууллагуудыг яаралтай ажиллуулж, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна. Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө" гэв.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг. Үүнд Ерөнхийлөгч хугацаа зааж, хөндлөнгөөс оролцох боломж байхгүй юм. Иймд нэн яаралтайгаар хэрэгжүүлэхийг чиглэл болгож байгаа аж.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨГСӨН ЧИГЛЭЛД

“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа
Газар эзэмшилт, ашиглалтыг шалгах тухай

Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан.

Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.

Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт, мэдээллийг гаргаж тавилаа.

Иймд Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна” гэжээ.

Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлын талаар тодруулбал нүүрсний асуудлаарх сонсголын үеэр шинжээчийн дүгнэлтээр 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгосон гэдэг нь ил болсон юм. 

Уг асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Авлигатай Тэмцэх Газарт хандаад буй.

Шууд үзэх:
https://www.facebook.com/presidentMGL/videos/2078810949164092