Уншиж байна ...

“Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох Хятадын талын бүрэлдэхүүн ирсэн байна

Б.Манлай
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох Хятадын талын бүрэлдэхүүний эхний цувраа сургуулийн районд галт тэргээр иржээ. Тус бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техникийг Монголын талаас оролцох сургуулийн удирдлага Дорноговь аймаг дахь “Зүүнбаян” төмөр замын өртөөнд угтан авч, Монгол Улсад тавтай морилохыг урьсан юм.

Хамтарсан сургууль явагдах газар орон нь манай улсын өмнөд бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутаг болохыг тодотгоод, сургуулиа хамтран явуулж, дэвшүүлсэн сургуулийн зорилгоо хамтын хүчээр амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

зураг
 
зураг
 

Энэ удаагийн хамтарсан сургуулийн онцлог нь хоёр талаас мото буудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцуулж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бөгөөд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэж, энэ сарын дунд үеэс зохион байгуулагдана.

“Талын түнш-2024” хамтарсан сургууль нь хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан уламжлалт сургуулийн үргэлжлэл бөгөөд 2009 онд БНХАУ-ын нутаг дэвсгэрт “Энхийн элч” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалтаар эхэлжээ.

2013 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт “Талын манлайлагч” гамшгийн эсрэг тэмцэх ажиллагааны сургалт, 2015 онд “Анчин бүргэд” терроризмын эсрэг тэмцэх ажиллагааны сургалтаар тус тус явагдаж байсан түүхтэй.

2021 онд БНХАУ-д зохион байгуулагдсан энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа-2021” сургалт дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 30 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй мото буудлагын салаа оролцож, харилцан туршлага солилцож байсан юм.

ЗХЖШ-аас энэ жил БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй “Зэв-2024” хамтарсан дадлага сургалт, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй “Зам-2024” хамтарсан дадлага сургалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.