Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 2018 оны 10 сар гэхэд биелүүлэх хүндхэн даалгаврыг авсан байгаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхий глобалчлагдан, улс орнуудын эдийн засаг харилцан хамааралтай болохын хэрээр зөвхөн нэг улсын хэмжээнд яригддаг байсан асуудлууд илүү өргөн хүрээнд хэлэлцэгдэж, гарах шийдвэр, хэм хэмжээ нь ч олон улсыг хамардаг болоод байна. Үүний нэгэн адилаар Монгол Улс нь Олон Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартыг мөрдлөг болгох шаардлага тулгараад байгаа аж. Энэхүү нийтлэлийн гол зорилго нь мөнгө угаах, терроризмийн санхүүжүүлэхтэй холбоотой ойлголтууд, стандарт, Монгол Улсад хийгдээд байгаа ажлууд, цаашид үүсч болзошгүй эрсдэлүүдийг тайлбарлахад чиглэлээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголт

Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэх гэдэг нь ерөнхий утгаараа аливаа гэмт хэргээс олсон мөнгөө өөр хэлбэрт шилжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь дарагдуулахыг хэлж байгаа гэмт үйл ажиллагаа юм.  1989 онд “Их Долоо”-ийн шийдвэрээр FATF буюу санхүүгийн арга хэмжээ авах байгууллага нь Парис хотноо байгуулагдсанаар олон улсад мөнгө угаахтай тэмцэх тодорхой институцтэй болсон. Өдгөө тус байгууллага нь 35 гишүүн орон, 2 бүсийн байгууллагуудыг гишүүнээр элсүүлээд байна. Харин Монгол Улсын хувьд FATF гишүүн биш боловч FATF-ын төрлийн байгууллага болох APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн гишүүнээр 2004 оны зургаадугаар сард элссэн. Ер нь бол FATF-ын зөвлөмж, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бүсийн бүлгүүд байдаг ба газар нутгаасаа хамаарч улс орнууд бүсийн бүлэгтээ тайлангаа хүргүүлж, жилийн хурлаар хамгаалдаг байна.  
 
FATF болон APG нь дэлхийн улс орнуудыг мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэхийг уриалан дэмждэг бөгөөд ингэхдээ, хэрэв гишүүнээр элсэж, стандарт, шаардлагуудыг нь мөрдлөг болгох юм бол Олон Улсад тухайн улсын эдийн засаг нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэл багатай, итгэлт түнш гэдгийг бусад орнуудад харуулах боломж нээгддэг. Харин шаардлагуудыг биелүүлэхгүй бол тухайн улсад тодорхой хугацаанд биелүүлэх боломжийг олгодог ба хэрэв хугацаа дуусахад биелүүлээгүй бол мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж хар, саарал жагсаалтад оруулна.

Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдал

Монгол Улсын хувьд 2006 оны долоодугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар Санхүүгийн мэдээллийн алба байгуулагдаж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа үндэс, суурийг тавьсан байдаг. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг үндсэндээ тухайн үеийн FATF-ын зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан. APG буюу ижил төстэй бүс нутгийн бүлгүүд нь гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, FATF-ын зөвлөмжийн хэрэгжилтийг тодорхой хугацааны давтамжтайгаар тогтмол үнэлж, хянадаг.
 
Манай улс APG-ийн гишүүн орны хувьд FATF-ын 40 зөвлөмжийг мөрдлөг болгон, нийцүүлэх үүрэгтэй ба 2016 оны 11-р сарын байдлаарх харилцан үнэлгээний тайланг 2017 оны долоодугаар сард Шри-Ланк улсын Коломбо хотод хуралдсан жилийн чуулганы үеэр хамгаалсан. Харамсалтай нь зөвлөмжүүдийн хэрэгжилт хангалтгүй байсан тул Монгол Улсыг “эрчимтэй хяналтад” оруулж, 2018 оны 10 дугаар сараас өмнө холбогдох хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангах үүрэг хүлээгэсэн. Хэрэв энэ үүргээ бүрэн гүйцэт биелүүлэхгүй бол Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдалд аюул учрахаар байгаа тул яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй юм.
 
Энд тэмдэглэхэд Монгол Улс анх удаа ийм нөхцөл байдалд ороод байгаа гэж ойлговол бас тийм биш юм. 2013 оны 10 сард болсон FATF-ын хурлаар манай улсын хууль эрх зүйн орчин, тэр дундаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах зохицуулалтыг FATF-ын зөвлөмжид нийцүүлээгүй гэсэн шалтгаанаар “өндөр эрсдэлтэй” болон “хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “саарал жагсаалтад” оруулж байсан. Тус шийдвэр гарсаны дараа Монгол Улсын Их Хурал холбогдох хуулиудын нэмэлт өөрчлөлтийг яаралтай баталж, шаардлагыг биелүүлснээр 2014 оны 01-р сард жагсаалтаас гарч чадсан. Энэ 3 сарын хугацаанд Монгол Улсын гадаад төлбөр тооцоо саатаж, иргэд аж ахуйн нэгжүүдийг бухимдуулж байсан ч, тухайн үед манай гадаад харилцаа, эдийн засгийн хэмжээ өнөөдрийнхтэй харьцуулахад харьцангуй бага байсан учир нийт иргэдийн амьдрал, улсын эдийн засагт мэдрэгдэхүйц “доргио” үүсгэлгүй өнгөрсөн. Харин өнөөгийн нөхцөл байдал тухайн үеэс өөр бөгөөд, хэрэгжилт бүхий 40 зөвлөмж нь өргөн хүрээг хамарсан байгаа.
 
Нөгөөтээгүүр өмнө нь харилцан үнэлгээг зөвхөн хууль, эрх зүйн тогтолцоог харж дүгнэдэг байсан бол одоо хоёр чиглэлээр үнэлдэг болсон. Ингэхдээ эхлээд тогтолцоо буюу хууль, журмууд зохих хэмжээнд боловсруулагдан батлагдсан эсэхийг үнэлнэ. Хоёрдугаарт, тухайн тогтолцоо хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байгаа буюу хэрэгжилтийг нь шалгадаг болсон. Манай улс үндсэндээ хоёр дахь үзүүлэлтээрээ хүнд байдалд ороод байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс 2018 оны УИХ-ын хаврын чуулганаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг батлуулж, эрх зүйн орчноо сайжруулахаас гадна бидэнд олгосон хугацаа тулж ирээд байгаа учир тус хуулийн хэрэгжилтэнд ихээхэ чармайлт гаргах шаардлагатай. Зөвлөмжүүдэд хуулийн хэрэгжилт, үр дүн бүхий заалтууд багтсан учраас хууль батлагдсаны дараа хэрэгжилт буюу комплаенс тал дээр анхаарч ажиллах зүйлс их байгаа. Мөн мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх нь дан ганц Санхүүгийн мэдээллийн албаны үүрэгт ажил бус Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, олон нийт гээд олон талуудын хамтын ажиллагааг хамардаг тул хэрэгжилт гэдэг нь нэг байгууллага эсвэл албан тушаалтнаас хамаарах зүйл биш юм. 

Хийгдэж байгаа болон хийгдэхээр төлөвлөж байгаа ажлууд

Харилцан үнэлгээний дүнг сайжруулах үүднээс Засгийн газар, Монголбанк, Санхүү мэдээллийн алба хамтарч ажилласны үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 70 дугаар захирамжаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулагдсан. Тус зөвлөл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн бодлогын шийдвэр гаргадаг бол хэрэгжүүлэх үйл ажиллагааны төвшинд Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөл ажиллаж байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлөөс “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үр дүнг сайжруулах ажлын төлөвлөгөө”-г Засгийн газарт хүргүүлсэн билээ. Уг төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12-р сарын тогтоолоор баталсан. Төлөвлөгөө нь дараах таван бүлэгтэй ба нийт 42 төрлийн ажлыг 22 яам агентлаг, Хамтын ажиллагааны зөвлөл хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан. Үүнд:

  1. Хууль эрх зүйн орчны зохицуулалтыг сайжруулах
  2. Ерөнхий зохицуулалт, зохион байгуулалт
  3. Хууль сахиулах байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээ
  4. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  5. Санхүү мэдэллийн алба болон бусад байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээ

 Монголбанкны хувьд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 баримтлах үндсэн чиглэлд холбогдох асуудлыг тусгайлан заасан байгаа. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн, Терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, улмаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд, Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргээр ял авч  байсан тохиолдол ганц ч байхгүй байгаа нь ихээхэн шүүмжлэлийг дагуулж байна. 2011 оноос хойш нийт 4,345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаснаас 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжүүлсэн байдаг. Тэдгээр 46 хэргээс ердөө 2 хэргийг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоож, шийтгэл ноогдуулах шийдвэр гаргасан ч хариуцагч талууд давж заалдсаар Дээд шүүхийн шийдэрээр хэрэгсэхгүй болгосон. Үнээс манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажиллахгүй, хэрэгжилт хангалтгүй, хийх ажил их байгааг ажиглаж болох юм.


Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х. Батчулуун