Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

М.Очирхуяг: Хөвсгөл аймагт шинээр хайгуулын болон ашиглалтын лиценз олгохгүй

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн иргэд уулс ус, газар шороогоо ухуулахгүй хэмээн тэмцэж эхэлсэн талаар албан бус мэдээллүүд гарах болсон. Тус аймагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ИТХ-ын төлөөлөгч М.Очирхуягаас тодруулахад "Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 4 сарын 20-нд хуралдаж, 50-р өргөрөгөөс урагш нутаг дэвсгэрээ орон нутгийн тусгай хэрэгцээнд 30 жилийн хугацаагаар авах тогтоол гаргасан. 

Уг тогтоолыг Ашигт Малтал Газрын Тосны Газрын хэрэг эрхлэх газрын кадастрын хэлтэст хүргүүлээд байна. 

Өөрөөр хэлбэл шинээр хайгуулын болон ашиглалтын лиценз олгохгүй гэсэн үг. Гэхдээ зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсвэл ИТХ-аар шийдвэрлэнэ. Өмнө нь 2009 онд Хөвсгөл аймгийн 50-р өргөрөгөөөс хойших нутаг дэвсгэрийг тусгай хэрэгцээнд 30 жилийн хугацаатайгаар аваад байсан. 

Гуравдугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд нүүрсний хайгуулын өрөмдлөг хийх гэж байсан компанийн үйл ажиллагааг иргэд эсэргүүцэж жагссан. Үүнээс үүдээд нутаг дэвсгэрээ орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тогтоол гаргаж байгаа юм биш. Энэ асуудал олон жилийн өмнөөс судлагдаж байсан" гэлээ. 

Ашигт Малтмал Газрын Тосны Газрын 2018 оны гуравдугаар сарын статистик мэдээллээс харахад  Хөвсгөл аймгийн хувьд ашиглалтын лиценз нийт нутаг дэвсгэрийн 0.11 хувь, харин хайгуулын лиценз 0.81 хувийг эзэлж байна. 

Бусад аймгуудтай харьцуулахад энэ нь харьцангуй бага үзүүлэлт юм. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 6.99 хувийг ашиглалтын лиценз, хайгуулын лиценз 3.60 хувь байгаа бол Өмнөговь аймагт ашиглалтын лиценз 3.22 хувь, хайгуулынх 6.50 хувь байна.