Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын уулзалтын өмнө Мүүн, Ким нар хилийн шугамын хоёр талаас мэндэлнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Маргааш эхлэх хоёр Солонгосын дээд хэмжээний түүхэн уулзалт алхам бүртээ билэгдлээр дүүрэн болох гэж байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзах өрөө нь дүүрэн ёгт санаа, билэгдэл агуулсан байхаас гадна зооглох идээ ундаа нь ч хоёр Солонгосын эв нэгдлийг билэгдсэн байх юм.

Маргааш өглөө орон нутгийн цагаар 9:30 цагт хилийн дээсэн дээгүүр алхах Ким Жон Уныг шугамны нөгөө талд Мүүн Жэ Ин тосож мэндлэхээр төлөвлөжээ.

Учир нь Кимийн энэ алхам нь Солонгосын дайн дууссанаас хойш 65 жилийн хугацаанд Хойд Солонгосын удирдагч анх удаа Өмнөдийн газар шороонд хөл тавьж байгаа түүхэн үйл явдал юм.

Өмнө нь 2000 ба 2007 онуудад болж байсан хоёр удаагийн дээд хэмжээний уулзалтууд бүгд Пёньянд болж байв. 

Хил давсны дараа Ким Жон Ун хүндэт харуулын өмнүүр алхаж Панмунжом хотхоны өмнө хэсэгт байрлах Энхийн ордонд хүрэх гэнэ. Ордны зочны дэвтэрт сэтгэгдлээ бичсэн Ким өглөөний уулзалтад оролцоно.

Өдрийн завсарлагаар талууд тус тусдаа зоог барих тул Хойд Солонгосын төлөөлөгчид буцаж хилээр гарах юм.

Үдээс хойш Ким, Мүүн хоёр тоорын мод суулгах ба мод суулгах хөрсийг Хойд Солонгос-Хятадын хил дээр орших Пэктү уулаас, мөн Жэжү арлын Халла уулаас авчирсан байх ажээ.

Энэ нь Солонгосыг нэгтгэх үзэл санааг илэрхийлнэ гэж Хөх ордны захиргаа мэдээлсэн байна.

Үүний дараа удирдагчид “Панмунжоны Тунхаг” хэмээх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах ажээ. Үүгээр хэлэлцээр өндөрлөж хүндэтгэлийн оройн зоог хамтдаа барьсны дараа Ким Жон Ун дагалдагсдынхаа хамт буцаж хил давахаар төлөвлөсөн байна.

Ким Жон Уныг дагалдан тус улсын хоёрдугаар хүн гэгддэг Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар нь ирэхээр болжээ. Мөн удирдагчийн төрсөн дүү бүсгүй Ким Ёо Жон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтахаар болсон байна.

 

Эх сурвалж: Korea Times