Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт болох өрөөг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ирэх Баасан гарагт болох хоёр Солонгосын түүхэн дээд уулзалтын өрөөг өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд дэлгэн үзүүлжээ.

Хилийн Панмунжом хотхонд байрлах гурван давхар Энхийн өргөөний хоёрдугаар давхарт энэ чухал үйл явдал болох юм. Өнгөрсөн хугацаанд уг барилгыг бүрэн засварлаж дууссан байна.

Өрөөний шаланд дэвссэн хөх өнгийн хивс нь энх тайвныг билэгдэж байгаа гэнэ. Зууван хэлбэрийн ширээний хамгийн урт хэсэг 2,018 мм хэмжээтэй нь уулзалт тохиож байгаа оныг билэгджээ.

Өрөөний хананд Хойд Солонгост оршдог Гюмган уулыг дүрсэлсэн байна. Уг уул нь нэгэн үе хоёр Солонгосын эвлэрлийн билэгдэл болж байсан юм. Пёньян 1998 онд Өмнөдийн жуулчдыг энэхүү ууланд ирэх боломжийг нээж байсан. Гэвч 2008 онд нэг жуулчин Хойд Солонгосын цэрэгт буудуулж амиа алдсанаар энэ арга хэмжээ хязгаарлагдсан юм.

Хоёр удирдагчийн суух сандалны толгой хэсэгт Солонгосын хойгийн дүрсийг сийлжээ. Сонирхолтой нь уг дүрсэнд Японтой газар нутгийн маргаан үүсгэдэг Докдо арлыг тод дүрсэлсэн байна.

Өнгөрсөн Пёнчаны Өвлийн Олимпийн үеэр хоёр Солонгосын хамтарсан багийн далбаанд энэхүү арлыг дүрсэлсэн нь Токиогийн эрх баригчдыг бухимдуулж, дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлж байв.

Хоёр Солонгос хоорондоо дайсагналцсаар ирсэн ч 1910-1945 оны хооронд захиргаан дор нь байсан Японы колоничлолыг жигшин эсэргүүцэх үзлээрээ санал нэгддэг юм.

Хойд ба Өмнөд Солонгосын удирдагч нар өмнө нь хоёр удаа уулзаж байсан нь 2000 ба 2007 онуудад Пёньянд болж байжээ. Харин гурав дахь удаагийн уулзалт анх удаа Өмнөд Солонгосын нутагт болох гэж байна.

Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын удирдагч 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш анх удаа Өмнөдийн газар нутагт хөл тавих гэж байгаа юм.

 
 
 
 

 

Эх сурвалж: Yonhap News