Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ванкувер хотын захиргаа Хятад иргэдийг 130 жилийн турш гадуурхаж байсандаа уучлал гуйлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Канадын Ванкувер хотын зөвлөл өнгөрсөн 130 жилийн хугацаанд хятад цагаачдыг ялгаварлан гадуурхах бодлого явуулж байсандаа албан ёсоор уучлал гуйлаа.

Уг үйл ажиллагаа тус хотын Хятад Соёлын Төвд өнгөрсөн Ням гарагт болжээ. Мэдэгдлийг Гуандун мужийн хоёр аялга руу орчуулж байсан нь 1880-аад оны үед Канадад ирсэн ихэнх хятад цагаач энэ мужаас гаралтай байсантай холбоотой гэнэ.

Соёлын ордонд хятад цагаачдын үр удам болох 500 орчим хүн цугларч, Ванкувер хотын дарга Грегор Робертсоны мэдэгдлийг сонссон байна.

 

Робертсон “Өнөөдөр бол Ванкувер хотын бүх иргэд болон хотын зөвлөлийн хувьд чухал өдөр. Бид Хятад хүмүүсийн эсрэг хэрэгжүүлж байсан алдаатай бодлогуудаа хүлээн зөвшөөрч, хамтдаа сайхан ирээдүйг цогцлоохын төлөө энд байна” гэж хэлжээ.

1880-аад оны үед Ванкуверээс Монреал хүртэл төмөр зам тавих ажилд дайчлахаар мянга мянган хятад цагаачдыг Канадын эрх баригчид хүлээн авч байв. Тухайн үед хятад ажилчдаас маш өндөр татвар авч, сургуульд сурах, орон байр эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд бүх нийгмийн асуудлаар гадуурхсан хууль хэрэгждэг байжээ. Нийтийн усан санд хятад хүмүүсийг оруулдаггүй байв.

Тэр ч байтугай нас барсан нэгнээ Канадын нутагт оршуулах эрхгүй, цогцсыг нь заавал Хятад руу явуулж оршуулдаг байсан юм.

1952 он хүртэл Хятад цагаачид сонгуульд санал өгөх, төрийн ажил алба хаших эрхгүй байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post