Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Угандагийн сошиал сүлжээний хэрэглэгчид татвар төлж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Үе үе дэлхийг гайхшруулсан шийдвэр гаргадаг Африк тивийн Уганда улсын эрх баригчид хэсэг нам гүм байсны эцэст сошиал сүлжээ хэрэглэдэг иргэдээсээ татвар авах тухай шийдвэрээ саяхан зарлажээ.

Уг шинэ татварыг 2018 оны долдугаар сараас авч эхлэхээр болсныг тус улсын засгийн газар мэдээлсэн байна.

Үүнийгээ тэд улсын төсвийг нэмэгдүүлэх, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж тайлбарлажээ. Мөн энэ орлогоор улс орныхоо цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хэсгийг цахилгаанжуулж, тэнд амьдардаг иргэдийн сошиал сүлжээ хэрэглэх боломжийг нь нээх гэнэ.

Асуудлын гол нь зүүн Африкийн энэ улсын засгийн газар шинэ татвараа хэрэгжүүлж чадах эсэх нь тодорхойгүй байна. Угандагийн засгийн газар өмнө нь өөрийн дотооддоо хөгжүүлсэн сошиал сүлжээг байгуулахаа зарлаж байсан.

Түүнээс өмнө “порно илрүүлэгч машин” гадаадаас худалдан авч, иргэдийнхээ интернэт хэрэглээг хянахаа мэдэгдэж байв.

Харамсалтай нь эдгээр ажлууд амьдралд биелэл болж чадаагүй юм.

Засгийн газрын мэдэгдсэнээр WhatsApp, Twitter, Facebook сүлжээ хэрэглэдэг тус улсын гар утастай иргэн бүрээс өдөрт 200 шиллинг ($0.027 орчим) татвар хураах гэнэ.

Гэтэл тус улсын 23.6 сая гар утас хэрэглэгчээс сошиал сүлжээ хэрэглэсний татварыг хэрхэн цуглуулах нь тодорхойгүй байна.

Өмнө нь Угандад сонгуулийн үеэр сошиал сүлжээг хориглож байсан түүхтэй.

Ганц Уганда биш, саяхан Танзани улс онлайн орчинд блог бичдэг иргэдээсээ жилд $900 орчмын лицензийн төлбөр авч байх хууль гаргасан юм. Өөрөөр хэлбэл бие даасан блог, вэбсайт, сошиал хуудастай иргэд ийм хэмжээний мөнгө төлж, ажиллах эрхтэй болох гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb