Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын мистер -2018” УАШТ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа нэмэгдлээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох гэж байна. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаагаас гадна олон онцлог зүйл байгаа юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор МБФХ-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Саяхан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 22 бодибилдинг, фитнессийн клубүүдэд Даваа-Баасан гарагийн 10:00-17:00 цагийн хооронд бүх насны иргэд ямар нэг шалгуургүйгээр өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх боломжийг нээсэн. Энэ ажил маань амжилттай хэрэгжиж байгаа.

Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Монголын мистер-2018” тэмцээнийг зохион байгуулахад дэмжин оролцож байна" гэв.

Монголын бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар "Энэ жилийн “Монголын мистер-2018” УАШТ-нд тайзны засалтаас эхлээд олон онцлог бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа шинээр нэмэгдэж байгаа бөгөөд уг спортоор хичээллэж, үр дүн гаргаж, нийгэмдээ зөв чиг хандлага үзүүлж байгаа учраас Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо дэмжин ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уг тэмцээнд оролцуулснаар бусдадаа зөв үлгэр дуурайл болж, өөрт тулгарах бэрхшээлийг даван туулахад нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байгаа аж. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3,000,000 сая төгрөг дагалдах юм байна.

Тус тэмцээн нь нийт 19 ангилалд 108 тамирчин өрсөлдөх бөгөөд шагналт таван байр, цомтой байгаа аж.

  • Мастер ангилал: 50 наснаас дээш
  • Залуучуудын ангилал: 21 хүртэлх
  • Бодибилдинг ангилал: 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг +80кг
  • Фитнесс ангилал: Эрэгтэй, эмэгтэй ангилал
  • Эмэгтэй модель ангилал: 160 см хүртэл, 165см  хүртэл, 165 см дээш
  • Эрэгтэй спорт модель 170 см хүртэл, 175 см хүртэл, 175 см дээш гэсэн ангиллуудаар өрсөлдөнө.