Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Захиалгат аллага үйлдсэн Америкийн армийн экс алба хаагчид бүх насаар хоригдох ял сонсжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын армид мэргэн бууч байсан хүн өөр хоёр алба хааж байсан хүний хамт Филиппинд захиалгат аллага үйлдсэн хэргээр өчигдөр шүүхээс ял сонсжээ.

Армийн тусгай хүчинд алба хааж байсан Жозеф Хантер болон түүний хамтрагч Адам Самиа, Карл Дэвид Стилвэл нар 2012 онд нэгэн олон улсын гэмт хэргийн бүлгийн боссын захиалгаар үл хөдлөх хөрөнгийн зуучлагч эмэгтэйн амийг хөнөөсөн байна.

Хохирогч эмэгтэй, аллага захиалагч хоёр маргаантай газрын наймаанаас болоод зөрчилтэй байжээ. 

“Энэхүү бодит амьдрал дээр тохиолдсон захиалгат аллагын хэрэг нь яг киноны үйл явдал шиг өрнөжээ” гэж шүүгч Жофрей Берман мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

52 настай Хантер зэр зэвсэг, хар тамхины наймаа хийдэг бүлгийн ахлагч Пол Ле Рузийн хамгаалалтын албанд хүчин зүтгэж байхдаа Самиа, Стилвэл нарт Филиппинд аллага үйлдэх санал тавьжээ. Тэд Калифорни дахь гэрээсээ Филиппинд аялан очиж үйлдсэн аллагаа “нинжагийн ажил” гэж нэрлэж байсан гэнэ.

Хантер нөгөө хоёртоо буу, дуу намсгагч өгч, ажил дууссаны дараа Ле Руз тэдэнд тус бүрт нь $35,000-ыг өгнө гэж амлажээ.

Ингээд 43 настай Самиа, 50 настай Стилвэл нар хохирогч эмэгтэйгээс үйлчилгээ авах дүр эсгэж, Филиппиний нийслэл Манилагаас гадагш яваад буцахдаа нүүрэнд нь хоёр удаа буудаж амийг нь хороожээ.

Мөнгөө авсан алуурчид АНУ-д буцаж ирснийхээ дараа 2015 онд баригдсан юм байна.

Өмгөөлөгчид нь тэдний үйлдсэн хэрэгт гэрч байхгүй, баримт хангалтгүй, Ле Руз нь итгэлтэй гэрч биш гэх мэтээр шүүх дээр маргасаар өнөөдрийг хүргэсэн гэнэ. Ингээд аллага үйлдсэн гурван этгээдэд шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ. Тэднээс Хантер нь өөр нэг аллагын хэргээр 20 жилийн ял сонсоод эдэлж байсан юм байна.

 

Эх сурвалж: Associated Press