Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Ким хоёул түүхэн уулзалтад бэлдэж байгаагаа мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрынхаа хуралдааны өмнө Хойд Солонгосын удирдагчтай уулзах уулзалтын талаар товч мэдээлэл өгсөн байна.

Тэр “Бид тавдугаар сарын сүүл, эсвэл зургаадугаар сарын эхээр уулзана. Талууд энэ уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг төгсгөл болгох тохиролцоонд хүрнэ гэж бид найдаж байна” гэжээ.

“Тэд ч бас ингэж ярьж байгаа. Олон жил үргэлжилсэн манай хоорондын харилцаанаас огт өөр харилцаа тогтоно гэдэгт би найдаж байна” хэмээн Трамп мэдэгдсэн байна.

Трампын энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Хойд Солонгосын тал Вашингтон-Пёньяны уулзалтын талаар анх удаа мэдээлэл гаргажээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр Даваа гарагт Ким Жон Ун намынхаа хурлыг даргалж, энэ үеэр АНУ болон Өмнөд Солонгосын удирдагч нартай хийх уулзалтын үеэр баримтлах бодлого, стратеги, тактикийн талаар намын удирдлагуудад чиглэл өгсөн гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр талын тагнуулын албад нууц уулзалтуудыг гадаад орнуудад зохион байгуулж, түүхэн хэлэлцээрийн бэлтгэлийг хангаж байгаа тухай CNN мэдээлсэн юм.

Өчигдөр Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Москвад хоёр хоногийн айлчлалаа эхэлсэн байна. Саяхан Бээжинд гэнэтийн айлчлал хийсэн Ким Жон Ун удахгүй ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Путинтай уулзана гэсэн яриа тараад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters