Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн ерөнхийлөгч асан Лула онцгой нөхцөлд хоригдохоор болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Бразилийн ерөнхийлөгч асан Луйз Инасио Лула да Сильва авлигын хэргээр  сонссон 12 жилийн хорих ялаа эдлэхээр шоронд орсон юм. Лула да Сильва 2003-2011 оны хооронд тус улсын ерөнхийлөгчийн албыг хашсан, ард иргэдийн дунд асар их нэр хүндтэй нэгэн.

Шүүх түүнийг Баасан гарагийн 17:00 цагаас өмнө амжин өөрөө цагдаад очиж, ялаа эдэлж эхлэх захирамж гаргасан байна. 

Популист ерөнхийлөгчийг хориулахгүй гэсэн эсэргүүцэл иргэдийн дунд өрнөж байсан ч Сильва өөрөө сайн дураар баривчлагдсан юм.

Бразил улсын гэмт хэргийн нөхцөл байдал хүнд, шоронгууд нь ачаалал ихтэй, муу орчин нөхцөлтэйгээрээ алдартай. Харин экс ерөнхийлөгчид онцгойлон хандаж, тусгай орчинд хорихоор болсныг Бразилийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тухайлбал Куритиба хот дахь хорих газрын цагдаагийн хэсгийн нэг өрөөг тусгай шорон болгон тохижуулжээ. Уг өрөөг өмнө нь шоронд ирж ажиллах хуульч, өмгөөлөгч нарыг хоноглоход зориулж ашигладаг байсан гэнэ. 3 ба 5 метр хэмжээтэй өрөө нь хоёр цонхтой, тусдаа жорлон, угаалгын өрөөтэй ажээ.

Харин хоолны хувьд бусад хоригдлуудын нэгэн адил байхаар болж, долоо хоногт нэг удаа гэр бүлийнхэнтэйгээ уулзах эрхтэй байна. Хэдийгээр сонсоход энгийн өрөө мэт санагдаж болох ч Бразилийн  шоронгийн ерөнхий байдалтай харьцуулбал өдөр шөнө шиг ялгаатай юм.

Жишээ нь зөвхөн 2017 оны нэгдүгээр сард Бразилийн хэт их хүнтэй шоронгуудад бүлэглэл хооронд тулаан дэгдэхэд 100 гаруй хоригдол амиа алдсан байна. Энэ оны хамгийн эхний өдөр л гэхэд 9 хоригдол мөн дотоод тэмцлийн улмаас алагджээ. Ерөнхийлөгчийн албыг хаших найман жилийн хугацаанд алдартай архитекторын загвараар бариулсан тансаг орд харшид сууж байсан 72 настай настай Лула анх удаа шоронгийн хаалга татаж байгаа нь энэ биш. Тэр Бразилийг цэргийн дэглэмтэй байх үед үйлдвэрчний эвлэлийн тэмцэгч байхдаа мөн хоригдож байсан юм.

 

Эх сурвалж: Quartz