Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын тал уучлал гуйж Өмнөдийнхнийг гайхшруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Ким Жон Ун тоглолтын үеэр

Саяхан Өмнөд Солонгосын урлагийн баг Хойд Солонгосын нийслэл Пёньянд хоёр удаагийн тоглолтоо сонирхуулаад эх орондоо буцаж ирсэн юм.

Тэдний Ням гарагт үзүүлсэн эхний тоглолтыг Ким Жон Ун биеэр үзэж сонирхсон. Харин энэ үеэр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхнийг тоглолтын танхимд оруулалгүй саатуулсан юм. Тухайн үед Сөүлийн эрх баригчид албан ёсны эсэргүүцлээ Пёньянд илэрхийлж байжээ.

Гэтэл тоглолтын дараа Хойд Солонгосын нөлөө бүхий генерал, тагнуулын албаны дарга асан Ким Ён Чол сэтгүүлчдийн байрлаж байсан зочид буудалд очиж, уучлал гуйсан байна.

Тэр “Хэвлэлийнхэнд чөлөөтэй ажиллах боломж олгоогүй нь буруу байсан. Бид Өмнөд Солонгосоос ирсэн сэтгүүлчдэд туслах үүрэгтэй. Тиймээс Хойд Солонгосыг төлөөлөн миний бие буруу үйлдэлдээ уучлал гуйж байна” гэж хэлжээ.

Генерал хэлэхдээ Ким Жон Уны бие хамгаалагчид сэтгүүлчдийн ажиллагааг хориглосон нь санаатай хэрэг биш байсан гэж тайлбарласан байна. Тоглолтод Ким Жон Ун ирсэн нь урьдчилж тооцоолоогүй нөхцөл байдал үүсгэсэн гэнэ.

Хойд Солонгосын дэглэм бусдаас уучлал гуйдаггүй, үргэлж АНУ болон түүний холбоотнуудыг буруутган шүүмжилж байдаг. Мөн хэвлэлийн эрх чөлөө огт байдаггүйд тооцогддог. Гэтэл Пёньяны гаргасан энэ үйлдэл үнэхээр онцгой, ховор, гайхмаар тохиолдол болсныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian