Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутолгойн гэрээг баталсан Засгийн газрын тэргүүн С.Баяр болон бусад сайд нарыг ч шалгах хэрэгтэй"

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Хаврын чуулганы хуралдаан эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь буруу

Хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүд байна. Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх, үндсэн чиглэлийн биелэлт буюу Засгийн газар бүтэн  жилийн ажлыг дүгнэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ гаргана гэдгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд хэллээ.

Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр бүлгээс нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсэгт саналаа өгсөн байгаа. Харамсалтай нь уг хуулийн шинэчилсэн найруулга дээр нийслэлийн онцгой статусыг тусгах талаар хангалтгүй заалтууд орсон.

Тиймээс Ардчилсан намын бүлгээс нийслэлийн онцгой статусыг бүрэн хангасан, удирдлагын, хот төлөвлөлтийн болон өмч, татвар болоод орлоготой холбоотой асуудлуудыг маш зөв зохицуулсан хууль батлах ёстой гэж үзэж байгаагаа мөн илэрхийллээ.

Мөн тэрбээр "Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийг зүгээс хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Учир нь УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлууд сүүлийн үед их гарах боллоо. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлсэн хэмжээнд хуулиудын өөрчлөлтөд анхаарлаа хандуулах болно.

Намрын чуулганаар нэг маргаан дагуулсан хууль бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Намрын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь унаад Засгийн газар руу буцаагдсан учраас тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дахин хэлэлцэнэ.

 Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр орж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага. Ялангуяа УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, улстөрийн намуудын тухай, орон нутгийн сонгуулийн бие даасан байдлын, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, төсвийн бие даасан байдлын хангах зэрэг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий.

Гэхдээ бүлгийн зүгээс МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь буруу гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг өргөн  хэлэлцүүлэг хийж, ард түмнээрээ хэлэлцүүлж, улстөрийн бусад намууд, төрийн бус байгууллагуудтай ярилцаж, шийдэж  байж энэ асуудлыг ёстой" гэсэн юм. 

Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.4 хувьд хүрчихсэн байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь Засгийн газрын гадаад өрийн асуудал болоод байна. Энэ Засгийн газрын тавьсан гадаад хангалттай болчихсон.

Үүнээс цаашаа явахаар бол улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал болно. Учир нь Монгол Улсын Засгийн газрын өр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.4 хувьд хүрчихсэн байна.

2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар дөрвөн тэрбум гаруй ам.доллар байсан бол өнөөдөр долоон тэрбум гараад явж байна. Эрх баригчид өр тавихдаа өмнөх өрийг  хааж байгаа гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өмнөх өрийг дарах зорилгоор тэр бум гаруй ам.долларыг л зарцуулсан.

Тэгвэл зөрүү тэрбум гаруй ам.доллар хаашаа орсон нь тодорхойгүй байна. Тиймээс Засгийн газрын гадаад өрийн бүх зарцуулалтыг эргэж харах шаардлагатай байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд дахиад нэг тэрбум орчим ам.долларын зээлийг авахаар яригдаж байна. Энэ мэтээр өр нэмэгдэх хүлээлтүүд үүссэн байгаа.

Тиймээс бүлгийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа" гэлээ. 

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар ажлын хэсэг байгуулахыг УИХ-ын даргаас шаардана

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гээд уул уурхайн том стратегийн ордуудыг тойрсон асуудлыг судлах ажлын  хэсэг байгуулахаар боллоо. Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын гурван хүнийг баривчилсан байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ  батлаагүй. Харин С.Баярын Засгийн газар баталсан юм. Ажлын хэсгийн нь тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан.

Тэгвэл уг гэрээтэй гол холбогдож байгаа хүмүүсийг шалгахгүй, байцаахгүй Ардчилсан намтай холбоотой гурван хүнийг баривчилж байгаа нь улс төрийн захиалга байна уу гэсэн болгоомжлол бий болгож байна. Тиймээс шалгах л гэж байгаа бол намаар нь ялгахгүй тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт гээд шалгах хэрэгтэй.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан. Түүнээс үүссэн хохирлын асуудлаар ажлын хэсэг байгуулж, учирсан хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх шаардлагыг УИХ-ын даргад УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна" гэв. 

ШААРДЛАГА:

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Арбитрын шийдвэрийг Засгийн газар дотоодын шүүхээрээ авч хэлэлцэх боломж байгаа гэсэн зүйлийг яриад байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-З.Нарантуяа: Олон Улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг Монгол Улсын хувьд эргэж авч үзэх тухай асуудал байхгүй. Ямар ч гарц байхгүй гэсэн үг.

-Оюутолгойтой холбоотой УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт Ардчилсан намаас гишүүн байгаа юу?

-Д.Эрдэнэбат: Ардчилсан намаас З.Нарантуяа гишүүнийг оруулсан байна. Гэхдээ эд нар ажлын хэсэг байгуулаад анхныхаа хурлыг хийсэн байна. Маш ноцтой нэг зүйл нь энэ ажлыг хэсгийг урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргачихаад, өмнөх шалгалтууд дээр үндэслээд дүгнэлт гаргана гэсэн асуудал яригдсан байгаа юм. Ингэж болохгүй. Хэрвээ ажлын хэсэг гаргасан л юм бол шинээр бүгдийг нь шалгаад, дүгнэлтээ цоо шинээр гаргах ёстой.

Ажлын хэсгийн гол зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээг шалгах юм. Түүнээс Оюутолгойн үйлдвэрийг шалгах биш. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь нийтэд ойлгомжтой болсон. Энэхүү гэрээний буруу, зөв нь юундаа байсан, Монгол Улс яаж хохирсон юм гэдгийг үнэн зөв дүгнэж гаргах ажлын хэсэг. Тиймээс ч дүгнэлтээ яг үнэн зөвөөр нь гаргаарай гэдэг үүргийг ажлын хэсгийн гишүүн З.Нарантуяад өгсөн.

-Ардчилсан намын зүгээс шалгагдаж байгаа намынхаа гишүүдийг өмгөөлж, хамгаалах уу. Өнөөдрийн байдлаар С.Баярцогтыг Ардчилсан намаас хөөчихсөн. энэ хүнийг өмгөөлж, хамгаалах уу?

-Д.Эрдэнэбат: Ардчилсан нам гишүүдээ өмгөөлөлгүй яахав. Гэхдээ асуудалд тэнцвэргүй, улстөрийн өнцгөөр хандаад байвал бид үгээ хэлэх л ёстой. Ардчилсан намын гурван гишүүнийг би шалгуулахдаа үнэн зөвөө олоод гараасай гэж үзэж байгаа. Бидний эмзэглэж байгаа нэг зүйл нь яагаад зөвхөн Ардчилсан намын гишүүдийг бариад байгаа юм.

Яагаад гол хариуцагч болох Засгийн газрын тэргүүн, ажлын хэсгийг ахлагчийг барихгүй байна вэ гэхээр МАН харагдаад байгаа юм. Тэгэхээр нь чинь улстөрийн хэлмэгдүүлэлт руу явчих вий гэсэн болгоомжлол байгаагаа л хэлж байна. Танай, манай намын гэсэн ялгаврыг байлгаж болохгүй зүйлийг хууль хяналтын байгууллагууд хийж байгаа шүү гэдгийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг