Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэдэнбалжир: Манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих хэмжээний нөөц сүүлийн хоёр жилд л бүрдсэн

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
 

“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалт “Корпорейт Конвеншн төв”-д арав дахь удаагаа болж байна. Чуулганы үеэр мэргэжилтнүүд геологийн салбарын талаар мэдээлэл өгсөн юм. 

Хүмүүс геологи, уул уурхай хоёрыг хооронд хольдог буруу ойлголттой 

 

АМГТГазар ГХХ-ийн дарга М.Батбаяр “Дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн бүгдээрээ чулуун дээр амьдарч байгаа. Тиймд чулуун доорх газрын гүнд байгаа чулуулгуудаа ямар тогтоцтой байна вэ, ямар  ашигт малтмал хуримтлагдсан байна гэдгийг геологийн судалгаа хайгуулын ажлаар л олж тогтоож байгаа хэрэг юм. 

Геологичдийн судалгаа бол Монгол Улсын хүн ардынхаа амьдрах орчныг тодорхойлж өгөх маш том ажил юм. 

Геолигийн салбарт тулгамдаж байгаа асуудал аль аль талдаа байна. Орон  нутагт хуулийн хэрэгжилт талаасаа асуудлууд их гарч байна. Мөн сонгуультай холбоотой асуудлууд ч байна.  

Манай геологичдийн талаас гарч буй гол асуудал нь аливаа тайлан төлөвлөгөөг гүйцэтгэхдээ тайланд тавигдах шаардлагын дагуу ирүүлэх нь муу болсон байна. Тиймд манай Агентлагийн тэргүүлэгчид бүх тайлан дээр маш хатуу шаардлага тавьж байгаа. 

Архивийн материал маш сайн чанартай хийгдсэн байх ёстой.  Дээрээс нь тухайн геологичийн нэр хүндийн асуудал учраас геологичид маань өөрсдөө ухамсарлах хэрэгтэй. 

Орон нутагт хуулиа биелүүлэхгүй, хяналт шалгалтуудаа хийхгүй байна. Тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагч, байгаль орчны байцаагч нь тэнд ажиллаж хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах ёстой.

Мөн аймгийн Засаг даргын ажлын бүрэлдэхүүн дунд мэргэжлийн нэг хүн байх хэрэгтэй. Учир нь Геологи уул уурхай хоёрыг хооронд нь хольдог буруу ойлголттой. Орон нутагт тийм мэргэжлийн хүн байвал Засаг дарга болон иргэдэд  уул уурхай эсвэл геологийн хайгуул хийж буй компаниуд яг ямар үйл ажиллагаа явуулж байгаа тухай  мэдээллээр хангаж өгч байх юм.

Тэгвэл орон нутагт гарч байгаа судалгаа хайгуул, олборлолттой  холбоотой дийлэнх асуудлууд цэгцрэх байх. Тийм мэргэжлийн хүн байхгүйгээс болоод ойлголтын зөрүү бий болж, геологийн салбарыг уул уурхайтай холиод асуудал үүсгэдэг.

Энэ нь нэг талдаа манай геологийн сурталчилгаа мэдээлэл муу байж бас магадгүй. Гэхдээ энэ судалгааны ажлууд бол зөвхөн геологийн л  асуудал биш юм.

Харин Монгол Улсын хөгжилтэй холбоотой асуудал. Яагаад гэвэл геологийн салбар дээр явагдаж байгаа судалгаа шинжилгээний асуудал нь дэд бүтэцтэй шууд холбоотой байдаг.  Жишээ нь  зам тавих гэж байгаа тохиолдолд  хаана, ямар зам, ямар материалаар хийх ёстой, материалаа хаанаас авч болох вэ гээд  бүх судалгаа шинжилгээний ажлыг геологичид хийж өгдөг юм. Ядаж л тэр чулуулгийн хатуулгаас шалтгаалаад замын бөх бат байдал оршдог.

Мөн Цахилгаан станц хаана барих, түүнийг хичнээн хэмжээний нүүрсээр хангах гэх мэт бүх тооцооллын суурийг геологиуд хийж өгч байгаа.  Үүнийг хүмүүс тусгай зөвшөөрөл л гэж хардаг. Тэр бол зүгээр л нэг цаас. Цаас бол ашигт малтмалын хуулин дээр ААН хоорондоо шилжүүлэхийг зөвшөөрөгдсөн асуудал.  Харин  Монгол Улсад  энэ геологичдийн хийж байгаа  судалгаа шинжилгээ хэрэгтэй юм” гэв.

Нөөцийг өсгөж барих үйлдвэрийнхээ хэрэгцээний түүхий эдийг бэлтгэх шаардлага бий

 

Ахмад геологич, Монголын Геофизикчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир “Монголын геологи хайгуул чуулга уулзалт арав дахь удаагаа болж байна. Энэ жилийн  уулзалтын онцлог нь өнгөрсөн  жилүүдэд бодлогын бичиг дээр дандаа 10 тэрбумаас өсгөх тухай ярьж байсан энэ жил сайдын хэлснээр анх удаа улсын төсвөөр хийх ажлын хэмжээ 13 тэрбум төгрөгт хүрлээ. 

Түүнээс гадна олборлолтын хэмжээ нэмэгдэж, олборлолтоо сая тонноос буулгалгүй улмаар үйлдвэр барих хэрэгцээг хангах хэмжээнд хүргэнэ гэсэн нь сэргэж байгаа хандлагатайг илтгэж байна.  

Энэ чигээрээ явбал геологи хайгуулын ач холбогдлыг хүн бүхэн ойлгож, түүний бодлогын хэрэгжилт эрх зүйн зохицуулалтыг нэлээн шинэ шатанд гаргах найдлага төрж байгаа юм.

Мөн  газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яриад олон жил болж байгаа ч гэсэн яг үйлдвэр барих хэмжээний нөөц зөвхөн сүүлийн хоёр жилд л бүрдсэн. Одоо яах аргагүй энэ дээр түшиглэсэн үйлдвэр барих цаг нь мөн. 

Харин нөөцийг өсгөх мөн барих үйлдвэрийнхээ хэрэгцээний түүхий эдийг бэлтгэх шаардлага бидэнд бий. Тиймд хайгуулын ажлыг заавал эрчимжүүлэх хэрэгтэй. Одоо олборлож байгаа ордууд дээрээ нөөцийг өсгөх зэргийг дээшлүүлэх шаардлага байгаа” гэлээ.

Чуулга уулзалтын арга хэмжээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, Японы ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямашита Акихито, Английн ЭСЯ-ны Уул уурхай дэд бүтцийн захирал А.Элбэгсайхан нар болон орон нутгийн төлөөллүүд оролцлоо.

“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, региональ болон ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, орон нутаг, Элчин сайдын яамны илтгэлүүд тавигдахаас гадна “геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөх юм. 

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд хайгуулын болон хайгуулаас олборлолтод шилжих шатны хөрөнгө оруулалт болон технологийн хамтрагч хайж байгаа төслүүдээ танилцуулах "Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт"-ыг чуулганы 2 дахь өдөр зохион байгуулна.

Уг чуулга уулзалт нь маргааш хүртэл үргэлжилнэ. Хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Монгол Улсын гавъяат багш Ц.Чулуун, доктор С.Хишигсүрэн нар удирдан явуулах юм байна.

Мөн  Улаанбаатар хот орчим,  Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр ярилцлага өрнүүлэх аж.