Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бат-Эрдэнэ: Нисэхийн салбарт либералчлал хийснээр тийзний үнэ 20 орчим хувиар буурна

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Агаарын тээврийн либералчлал ба Иргэний нисэхийн салбарын шинэчлэл" Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Уул уурхайн захиалгат нислэгээр 2012 онд 133.6 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2017 онд 215.7 мянга болж өсжээ. 

Мөн 2012 онд орон нутгийн 12 чиглэлд гурван агаарын тээвэрлэгч 204.2 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2017 онд хоёр агаарын тээвэрлэгч орон нутгийн найман чиглэлд 106 мянган зорчигч тээвэрлэсэн байна. 

Иймд дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулах, хувийн хэвшил, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн зарчмаар нь хөгжүүлэх чиглэлээр хийх ажил их байгаа талаар зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. 

Шинэ нисэх буудал 11 сард ашиглалтад орно

Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Агаарын тээврийн салбарт либералчлал хийнэ гэж удаан ярилаа. Иргэний нисэхийн салбар дахь хууль эрх зүйг задлах, аливаа хоригийг цуцлах чиглэлийн шинэчлэл гэж ойлгож байгаа. Үүний тулд эрх зүйн шинэчлэлийг хийх нь зайлшгүй чухал байна.

1999 онд Иргэний нисэхийн тухай хуулийг баталсан. Уг хуульд өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт ороогүй байна. Нөгөө талаар бид агаарын харилцааг өргөжүүлэх шаардлагатай.

Иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн үр дүнд өрсөлдөөн бий болно. Үүний үр дүнд иргэд баталгаат аюулгүй, хямд иргэний нисэхийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Иргэний нисэхийн салбар хөгжихөд саад болж байгаа зүйл нь шатахууны асуудал. Одоогоор хоёр компани шатахуун нийлүүлж байна.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нисэхийн салбарт либералчлал хийснээр тийзний үнэ 20 орчим хувиар буурна гэсэн тооцоо гарсан байгаа. Либералчлалын хүрээнд иргэний нисэхийн салбарын бүтцэд өөрчлөлт оруулна.

Чингис хаан нисэх буудал болоод бусад аймгуудын нисэх буудлуудыг нэг корпораци болгоё гэсэн санал ирж байна. Шинэ нисэх буудал 11 сард ашиглалтад орно. Буянт-Ухаа нисэх буудлыг сургалтад ашиглах зэрэг санал гарч байна. Цаашид уг нисэх буудлыг хотын эдийн засагт үр өгөөж өгөх хэлбэрт оруулах боломжийг судална" гэлээ. 

Олон улсын нислэгт 2012 онд 14 чиглэлд дотоодын 4, гадаадын 5 тээвэрлэгч 758.8 мянган зорчигч тээвэрлэсэн бол 2017 онд 19 чиглэлд дотоодын гурав, гадаадын 5 тээвэрлэгч 926.7 мянган зорчигч тээвэрлэж 2012 оныхтой харьцуулахад 6 агаарын хөлгөөр 439.4 мянган зорчигч тээвэрлэж, зах зээлийн 47.4 хувийг эзлэх болжээ. 

"Монгол Улсын эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар" төслийн хүрээнд 2011 онд "Монгол Улс: агаарын харилцааны либералчлалын үр нөлөө" гэсэн судалгааг хийсэн байна. 

Энэхүү судалгаагаар манай улсад либералчлалыг хоёр талт хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлснээр 2-3 жилийн дараа олон улсын нислэгийн тоо 2010 оныхоос 112 хувиар, зорчигч жил тутам 117 мянгаар, Хятад, Солонгосын чиглэлийн нислэг 65 хувиар тус тус өсч, Европ, Хойд Америкийн зах зээлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болно. Олон улсын ачаа тээвэр 62 хувиар өсч, орон нутгийн зорчигчийн тоог 43-87 хувиар, байнгын ажлын байр 21.5 мянгаар нэмэгдэнэ гэж тооцжээ.

Уг судалгааг үндэслэн либералчилсан бол ийм болох байсан гэж бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй ч эдийн засаг, нийгмийн хүрээний олон хүчин зүйлийг шинжлэн дүгнэж хийсэн анхаарч авч үзүүштэй хүчин зүйлийг тодорхойлсон тухайд зөвлөгөөний үеэр ярилцаж байсан юм.