Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сальвадор Далиг өчигдөр дахин оршуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Испаний Каталониа мужийн Фигуэрэст байдаг сюрреалист зураач Сальвадор Далигийн булшийг өнгөрсөн оны долдугаар сард ухаж, шарилнаас нь дээж авсан юм.

Ингэх болсон зорилго нь өөрийгөө нэрт зураачийн охин гэж тодорхойлсон эмэгтэйн хүсэлтээр ДНХ-ийн шинжилгээ хийх байжээ.

Хөзрөөр мэргэлэгч, үзмэрч Пилар Абел гэгч эмэгтэй өөрийгөө Далигийн охин гэж үзэн шүүхэд хандаад байв. Тэр арав орчим жилийн турш Далиг эцгээ мөн гэдгийг батлуулахаар тэмцэж байгаа юм. Хэрвээ тэр нэрт зураачийн охин гэдгээ баталж чадвал Далигийн үлдээсэн хөрөнгөний дөрөвний нэгийг өмчлөх эрхтэй болох байжээ.

Гэвч талийгаачийн шарилнаас авсан үс, хумс, ясны дээжид хийсэн шинжилгээний дүн эсрэгээр гарч Абелийг Далигийн охин биш гэж шүүхээс дүгнэсэн байна.

Ингээд нэрт зураачийн шарилнаас авсан дээжисийг буцаан оршуулах ажлыг Баасан гарагийн өглөө гүйцэтгэжээ.

Далигийн булш түүний амьдрал, уран бүтээлийг харуулсан музейн шалан дор байрладаг. Тодруулбал Фигуэрэс Театр-Музейн шаланд байрлах 1.5 тонн жинтэй чулуун хавтангийн дор байдаг ажээ.

Булшийг задлах болон буцааж хаах ажиллагааг өндөр хяналт хамгаалалтын дор явуулжээ. 28 жилийн өмнө оршуулж байсан Далигийн шарил маш сайн хадгалагдаж байгааг өнгөрсөн зун анх нээсэн мэргэжилтнүүд ярьсан байдаг.

Шарилын нүүрийг бүтээсэн алчуурыг сөхөхөд алдарт зураачийн гол таних тэмдэг болсон 10:10 цагийн зүүний хэлбэртэй сахал нь хэвээр байсан гэж тухайн үед мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian