Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Британий сул талыг шалгаж байна гэж Литвийн сайд тайлбарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооноос салахаар болж ганцаардсан Их Британий чадлыг Путин сорьж үзэж байна гэж Литвийн гадаад хэргийн сайд Линас Линкевичиус хэвлэлд ярьжээ.

Тэрээр өчигдөр Лондонд Британий гадаад хэргийн сайд Борис Жонсонтой уулзсан юм.

Оросын тагнуул асан Сергей Скрипалын амийг хөнөөх гэсэн оролдлогоороо Путин Британий хүч чадал, дипломат хэлхээ холбоо, шийдэмгий байдлыг шалгаж байгааг тэр тайлбарласан байна.

“Оросын эрх баригчид үргэлж бусдын сул талыг ашигладаг. Тиймээс Европын Холбооноос гарахаар болж, ганцаардсан Британи тийм ч нөлөөтэй санагдаагүй байх. Европын Холбоо Британийг дэмжихгүй гэж тэд тооцоолсон болов уу. Гэтэл эсрэгээрээ Британийг өрнөдийнхөн дэмжсэнээр эргээд Оросууд хариу цохилт амсаж байна” гэж Линкевичиус ярьжээ.

Тэр ерөнхий сайд Тереза Мэйн тавьсан хориг арга хэмжээ Оросын элитүүдэд цохилт болсон гэж үзэж байгаагаа хэлээд Литва улс ч өөрийн хэмжээнд арга хэмжээ авсныг хэлсэн байна.

“Оросын хэр олон олигарх Лондонд мөнгөө хадгалж, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, хүүхдүүдээ сургадгийг та нар мэднэ. Тэдний амьдралд том цохилт болж байгаа нь тодорхой” гэж сайд тайлбарласан юм.

Линкевичиус бас “Тэд сорьж байна. Сөргөлдөөнийг хурцатгах хүсэл надад байхгүй ч тодорхой хариулт өгч дахин ийм зүйл хийлгэхээс сэргийлэх нь зөв” гэжээ.

Литва нь Оросын түрэмгийллээс болгоомжилж, өрнөд Европтой ойр хамтран ажилладаг улс юм. Одоо Литвад НАТО-гийн гишүүн орнуудын зэвсэг техник их хэмжээгээр байрлаад байгаа.

 

Эх сурвалж: The Guardian