Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын ханхүү цөмийн зэвсэг бүтээнэ гэж анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Иран цөмийн зэвсэгтэй болбол Саудын Араб бас цөмийн зэвсэг бүтээхээс өөр замгүй болно гэж тус улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман мэдэгджээ.

Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, оронд нь эдийн засгийн хоригоо цуцлах олон улсын гэрээг 2015 онд өрнөдийн орнууд Тегерантай байгуулсан юм.

Харин Дональд Трампын засаг захиргаа уг гэрээнээс гарах тухай ярьж эхлээд байна. Хэрвээ тэгвэл Иран цөмийн зэвсэгээр дахин хөөцөлдөж, бүс нутгийн өрсөлдөгч Саудын Араб мөн өрсөлдөж эхлэх юм.

Ийм өрсөлдөөнийг Ойрх Дорнодод эхлүүлэхгүйн тулд Европын орнууд АНУ-ыг 2015 оны гэрээнээс гарахгүй байхыг уриалсаар байна. Даваа гарагт Вашингтонд айлчлах Саудын ханхүү Америкийн цөмийн технологийг авч ашиглах нөхцөлтэйгээр улс орондоо уран баяжуулах эрх авахыг зорьж байна.

Бин Салман CBS сувагт ярихдаа “Саудын Араб цөмийн зэвсэгтэй болох зорилгогүй. Гэхдээ Иран улс цөмийн зэвсэгийн хойноос хөөцөлдөж эхэлбэл бид ч бас дагах нь эргэлзээгүй” гэж ярьжээ.

Саудын Араб газрын тосноос хамаарлаа багасгахын тулд дунд хугацаанд хоёр цөмийн эрчим хүчний станцтай болох гэж байгаа. Харин 20-25 жилийн хугацаанд нийт 16 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх 16 станцтай болох зорилготой гэнэ.

Дональд Трамп тавдугаар сарын 12-нос өмнө Европын Холбоог Ираны хэлэлцээрийг өөрчлөх саналаа гаргах хугацаа өгсөн. Хэрвээ энэ хугацаанд ахиц гарахгүй бол АНУ гэрээнээс гарна гэж байгаа юм.

Харин Европын Холбоог төлөөлж гэрээ байгуулалцсан Их Британи, Франц, Герман улсууд одоогийн гэрээг хэвээр үргэлжлүүлэх хүсэлтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian