Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Хокинг яагаад Нобелийн шагнал хүртээгүй вэ?

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт нас барсан суут эрдэмтэн Стивен Хокинг 1974 онд алдар нэртэй болохоосоо өмнө өөрийн хамгийн том онолыг боловсруулсан юм.

“Хокингийн цацраг” гэгддэг энэ онолоор хар нүх нь тодорхой хэмжээний эрчим хүч цацаргаж байдаг тул эцэстээ мөхөж алга болдог гэж дүгнэсэн байдаг.

Хар нүх бол асар өндөр нягтралтай сансрын биет бөгөөд маш хүчтэй татах хүчтэй тул орон зай, цаг хугацаанд ч нөлөөлж гажуудал үүсгэдэг гэж үздэг байна.

Тиймээс хар нүхний татах хүчнээс юу ч чөлөөлөгдөж чадахгүй гэж үздэг байжээ. Харин Хокинг хар нүхнүүд гадны биетүүдээр тасралтгүй тэжээгдэхгүй бол бага хэмжээний эрчим хүч цацаргаж алдсаар олон тэрбум жилийн дараа мөхдөг гэж дүгнэсэн юм.

Тэрээр 2002 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ онолынхоо томъёог булшны чулуун дээрээ сийлүүлэх хүсэлтэй гэж ярьж байжээ.

Гэхдээ энэхүү том нээлт нь түүнд Нобелийн шагнал хүртээх боломжгүй юм. Учир нь онолын нээлтүүдийг заавал туршилтаар баталсны дараа шагналд тодорхойлдог байна. Гэтэл хар нүхний эрчим хүч цацаргалтыг ажиглах технологийн чадвар өнөөдөр хүн төрөлхтөнд байхгүй байгаа.

Эйнштэйний 1920-оод онд дэвшүүлж байсан татах хүчний долгионы онолыг саяхан 2016 онд анх удаа туршилтаар баталж байсан нь ийм учиртай.

 

Эх сурвалж: Time.Com