Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр "Пи" тооны өдөр

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр дэлхийн математикийн хамгийн чухал тогтмолуудын нэг “Пи”-гийн өдөр тохиож байна.  Анх 1988 онд Ларри Шав хэмээх физикч АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнд “Пи тооны” өдрийг өргөн тэмдэглэж эхлүүлсэн байдаг. Түүнээс хойш албан ёсоор 2009 онд АНУ-ын конгрессийн гишүүд уг өдрийг тогтмол тэмдэглэж байхаар баталсан билээ.

Гуравдугаар сарын 14-ний өдөр тэмдэглэх болсон шалтгаан нь 3,1 болон 4-ийн тоонууд пигийн эхний гурван тоо юм. 2015 оны гуравдугаар сарын 14-нд “Пи”-гийн түүхэнд зуунд нэг тохиолдсон өдөр болж өнгөрсөн. Учир нь уг өдөр түүний эхний таван тоо дарааллаж тус өдрийн он, сар, өдөртэй таарчээ.

3.14159=3 дугаар сарын 14, 2015 он

"Пи" тоо гэж юу вэ?

"Пи" тоо нь ойролцоогоор 3.14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал математикийн тогтмолуудын нэг юм. "Пи" тооны хэрэглээнүүд нь тойрог, бөмбөрцөг, цилиндер, конус, эллипстэй холбоотой хамгийн өргөн гардаг. Хамгийн энгийн хэрэглээ та бидний дунд сургуульд үзэж байсан тойргийн радиус, түүний тойргийнхоо урт, талбайтай ямар хамааралтай болохыг тайлбарлахад тааралддаг. Математикийн түүхийн туршид π-г өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох гэсэн оролдлогууд хийгдэж, тус шинжлэх ухаанд шинэ ойлголт, томьёонуудыг ч мөн бий болгосоор иржээ.

"Пи" тоо хэзээ ч дахин давтагддаггүй олон тоог өөртөө агуулдаг учир эдгээр тоо нэг талын эмх замбараатай боловч замбараагүй мэт онцлогийг агуулж, түүгээрээ ч нэг зүйл илэрхийлэх гэж буй мэт байдаг нь олны анхаарал татдаг.

Сүүлийн таван жилийн хугацаанд "Пи" тоог ой санамжийн чадвар шалгах олон улсын уралдаан, тэмцээнүүдэд ихээр ашиглах болсон, π тооны таслалаас хойш хязгааргүй үргэлжлэх тооноос аль болох олон оронг цээжлэн буцааж алдалгүй санах нь гол зорилго юм. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн π тооны холбоог байгуулсан байна.

"Пи" тооны өдрийг дэлхий дахинд математикчид ой санамжмийн чадвар шалгах оюун ухааны тэмцээн уралдаанууд зохион байгуулж, π тоог дүрсэлсэн бялуу идэж тэмдэглэдэг байна.

Манай улсын хувьд 2012 онд ШУТИС-ийн эрдэмтэд "Пи" тооны өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санаачилсан байна.