Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мөнхбаяр: Багануурын дэд цахилгаан станцын төслийг эртхэн зогсоох шаардлагатай

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нууц мега төслүүдийг илчилж, хуйвалдсан улстөрчдийг шалгуулах асуудлаар иргэний хөдөлгөөнүүд хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

"Нэгдсэн Монгол" хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр "Монгол Улсын Засгийн газраас зарласан Багануурын 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын концессын шалгаруулалтад БНХАУ-ын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" гэх барилгын цэргийн нэгж болон Пинтао групп компанийн нэгдлээс бүрдсэн консорциум шалгарсан.

Улмаар "Багануур Холдинг Лимитед" компанийг Хонг Конгод болон, түүний охин компани болох "Багануур Пауэр" ХХК-ийг Монгол Улсад байгуулан концесс эзэмшигчээр бүртгүүлж, концессын гэрээ байгуулан 2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.

Концессын хугацаа нь барилгын хугацаа болон ашиглалтын хугацааг оролцуулан нийт 25 жилийн хугацаатайгаар барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй байгуулсан. 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц, түүний дагалдах байгууламжуудад 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай.

Гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум квт цаг эрчим хүчийг тохирсон тарифаар бодон худалдан авах үүрэгтэй. Хэрэв энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлээсэн. Багануурын цахилгаан станцаас нийлүүлэх энэ хэмжээ нь Монгол Улсын хэрэглээний 60-70 хувийг дангаараа хангахаар байгаа нь зах зээлд шууд шингээхэд хүндрэлтэй учир ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2 станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. Энэ нь 3,000 орчим хүн ажилгүй болно гэсэн  үг.

Гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 квт-ыг нь хамгийн багадаа 9 цент буюу 225 төгрөгөөр бүрэн хэмжээгээр үг дуугүй худалдаж авах заалт оруулсан.

Багануурын дэд цахилгаан станцын төсөл нь анхнаасаа эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон. Үүнийг нэр бүхий улс төрчид хүчээр зүтгүүлсэн төсөл юм. 

Нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, асар үнэтэй цахилгаан хүчээр нийлүүлэх заалттай, бүтэхгүй байх магадлал нь 75 хувь гэгдсэн, үргэлжлүүлэх шаардлага байхгүй. Үүнийг Засгийн газар, холбогдох яамд нь эртхэн анхаарч зогсоох шаардлагатай" гэлээ.