Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Канад эр хувийн эзэмшил газраа нутгийн уугуул иргэдтэй хуваалцах санал гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Канадын иргэн Жоел Холмберг хувийн эзэмшлийн газраа нутгийн уугуул иргэдтэй хувааж ашиглах шийдвэрийг өнгөрсөн сард гаргажээ.

Саяхан тус улсын Саскачеван мужийн цагаан арьст фермер нутгийн уугуул иргэний амийг хөнөөсөн хэргийг шийтгэлгүй өнгөрсөн нь нийгэмд маргаан дэгдээж байв. Энэ дуулианы дараа Холмберг эцсийн шийдэлд хүрсэн байна.

Тэрээр хойд Альберта муж дахь гэр бүлийн эзэмшлийн 2 га газрыг нутгийн уугуул иргэдтэй хувааж эзэмших саналаа сошиал сүлжээнд танилцуулжээ.

Ингэхдээ уугуул иргэдээс ямар нэг түрээсийн, ашиглалтын төлбөр огт авахгүй гэнэ. Харин тэд Холмберг болон түүний эхнэр, хүүхдүүдтэй хамтран ан гөрөө хийж, загасчилж, ногоо тарин амьдрах ёстой.

 
Жоэл Холмберг

“Арьс өнгөний үзэлтэй хүмүүсийн үгийг сонсоход маш хэцүү байна. Би тэдэнд бүх Канадчууд тийм биш гэдгийг харуулахыг хүссэн” гэж Холмберг ярьжээ. Тэр бас “Энэ газар шороог бусдаас хулгайлж авсан гэдэг үнэнийг бид бүгд мэдэж байгаа. Тэд бол нутгийн эзэд, бид бол зочид. Тэднийг олон жилийн турш бид зовоож ирсэн, харин одоо үүнийгээ зогсоох ёстой” хэмээн ярьсан байна.

Холмберг бас нутгийн уугуул иргэдийг амьдралдаа уулзаж байсан хамгийн найрсаг, нөхөрсөг хүмүүс гэдгийг онцлон хэлжээ.

Түүний зарлал энэ долоо хоногийн эхээр нийтлэгдсэн юм. Одоогоор Канад, АНУ-аас хэдэн зуун захидал хүлээж аваад байгаа гэнэ.

Холмберг өөрийгөө жүжигчин Мэрлон Брэндогоос хойш газраа индианчуудад өгсөн анхны цагаан арьстан байх гэж хошигножээ. Алдарт жүжигчин 1974 онд Калифорни дахь 40 акр газраа Америкийн Индианчуудын Холбоонд бэлэглэж байсан юм.

Холмбергт хандсан хүмүүсийн зарим нь түүнд нэмж газар авч өгч, эзэмшил нутгийг нь өргөжүүлэх санал хүртэл тавьсан байна. Мөн өндөр настай уугуул иргэд газар дээр нь уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх хүсэлтээ илгээжээ.

Холмберг тэднийг бүгдийг нь өөрийн газартаа ирж үзэхийг урьсан байна. Мөн хамт амьдрах санал тавьсан хэд хэдэн уугуул иргэдийн гэр бүлийг хүлээн авч, газраа үзүүлэх аялалд бэлдэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian