Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын мөнгөөр АНУ-д авсан хөрөнгийг мэдээлбэл $5 саяар шагнуулах хууль хэлэлцэгдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Гадаадын эрх мэдэлтнүүд авлигын мөнгөөр АНУ-д эд хөрөнгө худалдаж авсан бол түүнийг мэдээлсэн хүнийг $5 сая хүртэл бэлэн мөнгөөр шагнаж, шаардлагатай бол улс төрийн орогнол олгож, хамгаалалтад авах хуулийг санаачилжээ. Хуулийг "Kleptocracy Asset Recovery Rewards Act" гэж нэрлэж байгаа юм.

Ардчилсан намын Стефэн Линч, Бүгд Найрамдах намын Кэйт Ротфус нар энэхүү хуулийн төслийг өнгөрсөн Мягмар гарагт (хоёрдугаар сарын 27) конгресст хэлэлцүүлэхээр оруулсан байна. Хэрвээ энэ хууль батлагдвал Нэгдсэн Улсын сангийн сайд авлигачдын хөрөнгийн талаар мэдээлэл өгсөн гадаадын иргэнд шагналын мөнгө, хамгаалалт зэргийг олгох эрх мэдэлтэй болох юм.

“Сүүлийн 15 жилийн хугацаанд авлигын замаар орсон $5 тэрбумын хөрөнгийг илрүүлсэн. Гэтэл жил бүр $20-$40 тэрбум авлигад үрэгдэж байна” хэмээн хуулийг санаачлагчдын нэг Стефэн Линч мэдээлжээ.

Хуулийн зорилго нь хулгайлагдсан мөнгийг буцааж тухайн улсын ард иргэдийн тусын тулд зориулах гэнэ.

Шинэ хуулиар жилд $25 саяыг мэдээлэл өгөгчдийн шагналд зарцуулах эрхийг сангийн сайдад олгох ажээ. Хэрвээ үүнээс хэтрэх бол ерөнхийлөгч нэмж батлах эрхтэй байх гэнэ. Хувь хүнд олгох шагналын дээд хэмжээ нь $5 сая байна. Үүнээс гадна мэдээлэл өгсөн хүмүүс болон тэдний гэр бүлийг хамгаалалтад авах эрхийг сангийн сайдад олгож байгаа юм.

Харин гадаад улсын төр захиргааны байгууллагад алба хаадаг хүмүүст энэ шагналыг олгохгүй гэнэ.

АНУ нь дэлхийн улс орнуудын авлигын мөнгийг угаах гол газарт тооцогддог. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд хоёрт орж байгааг авлигатай тэмцэх төрийн бус байгууллага The Tax Justice Network мэдээлжээ.

 

Эх сурвалж: Quartz