Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины арилжааны төв 13,000 харилцагчийнхаа мэдээллийг татварынханд өгөхөөр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын крипто валютын арилжааны томоохон төв болох Coinbase өнгөрсөн Баасан гарагт харилцагчиддаа захидал бичиж, 13,000 орчим хүний мэдээллийг татварын албанд гаргаж өгөхөөр болсноо зарлажээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ-ын татварын алба IRS (Internal Revenue Service) шүүхэд хандаж, Coinbase-ийн олон тооны хэрэглэгчийн мэдээллийг гаргуулах хүсэлт тавьжээ.

Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон хурлаар бүгдийг биш, тодорхой шалгуураар хязгаарлагдсан хүмүүсийн мэдээллийг гаргуулах шийдвэр шүүхээс гарсан байна. Шалгуур ёсоор 2013-2015 оны хооронд жилд $20,000-аас дээш дүнтэй гүйлгээ хийсэн хүмүүсийн нэр, бүртгэлийн дугаар, төрсөн огноо, хаяг зэргийг Coinbase гаргаж өгөх юм.

Татварынхны эхний тавьсан хүсэлтээр 500,000 хүний мэдээллийг гаргаж өгөхөөр байсан юм. Анхны шаардсан тоог их хэмжээгээр бууруулж чадсан тул шүүхийн шийдвэрийг Coinbase өөрийн ялалт гэж үзэж байгаа гэнэ.

Coinbase бол дэлхийн крипто валютын арилжааны хамгийн том төвүүдийн нэг бөгөөд 2017 оны сүүлээр 13.3 сая хэрэглэгчтэй гэж мэдээлж байв.

 

Эх сурвалж: Coinbase