Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын инженерүүд дуунаас 5 дахин хурдан онгоц бүтээж байгаагаа зарлав

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хятадын хэсэг судлаачид, инженерүүд 6,000 км/цаг хурдтай буюу дууны хурднаас тав дахин хурдан нисэх онгоцны загвар бүтээснээ зарлажээ.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн багийн энэ бүтээл зорчигчдыг Бээжингээс Нью Йорк хот хүртэл хоёр цагийн дотор тээвэрлэх гэнэ. Хоёр хотын хооронд одоогийн нисэх онгоц 13.5 цаг аялдаг юм. Шинэ бүтээлийн тухай “Physics, Mechanics and Astronomy journal” сэтгүүлийн энэ сарын дугаарт нийтэлжээ.

Зохион бүтээгчид шинэ онгоцныхоо жижигрүүлсэн загварыг хиймлээр үүсгэсэн салхи бүхий хонгилд туршихад хурд нь 8,600 км/цаг хүрч байсан гэнэ. Харьцуулбал алдарт Конкорд нисэх онгоцны хурд 2,179 км/цаг байсан юм.

“I-Plane” гэж нэрлэж байгаа дуунаас хурдан шинэ онгоц нь хоёр давхар далавчтай байх ажээ. Энэ нь донсолгоог багасгаж тогтворжуулахаас гадна хөөрөх чадварыг нь сайжруулах үүрэгтэй гэнэ.

Сүүлийн үед дууны хурд болох 1,236 км/цагаас илүү хурдтай нисэх онгоц бүтээх санаа хаа сайгүй яригдах болсон. Учир нь технологийн хувьд ийм онгоц бүтээх цаг нь болсон гэж мэргэжилтнүүд үздэг.

Жишээ нь саяхан Boom Supersonic компани 2,335 км/цаг хурдтай зорчигч тээврийн онгоцыг 2023 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээ зарласан. Уг онгоц 50 хүртэл тооны зорчигчийг Нью Йоркоос Лондон хот хүртэл 3 цаг 15 минутын хугацаанд тээвэрлэх гэнэ. Гэхдээ ийм хурдаар аялсныхаа төлөө зорчигч нэг талдаа $2,500 төлөхөөр байгаа юм.

 

Эх сурвалж: Independent