Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

15 настай Алина Загитова ОХУ-ын анхны алтан медалийг авчирлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Оросын уран гулгалтын тамирчин Евгения Медведева өнгөрсөн онд дэлхийн аварга болсноор сүүлийн 16 жилийн түүхэнд анхны дараалан дэлхийн аварга болсон тамирчин болж байв. Тэр бас уран гулгалтын спортын техникийг шинэ дээд түвшинд гаргасан гавьяатай гэгддэг.

Гэвч өнөөдөр буюу Баасан гарагт нутаг нэгтэй, 15 настай Алина Загитова түүнээс илүү гэдгээ баталж, Оросын тамирчдын анхны алтан медалийг зүүлээ.

Тэдний араас Канадын Кэтлин Осмонд жагсаж, хүрэл медалийн болзол хангажээ. Үүнээс гадна Олимпийн түүхэнд анх удаа АНУ-ын эмэгтэй уран гулгагчид шилдэг зургаад үлдэж чадсангүй.

Ердөө дөрвөн сарын өмнө хүртэл хугацаанд олимпийн уран гулгалтын эмэгтэй тамирчдыг Оросын Медведева итгэл төгс тэргүүлж байсан юм. Харин өнгөрсөн аравдугаар сарын тэмцээний өмнөхөн тэр хөлдөө гэмтэл авч, түүний эзгүйд Загитова цойлж эхэлсэн байна. ОХУ-ын аварга болж, Гран При хүртэж байх үед нь Медведева түүнийг мөсөн талбайн гаднаас харж суусан юм.

Харин өнгөрсөн сард болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд тэд анх удаа учрахад Загитова илүүрхэж, Медведева сүүлийн хоёр жил гаруй хугацаанд анх удаагаа ялагдал хүлээж байв.

Харин өнөөдөр Медведева даагаа нэхэхээр Пёнчаны мөсөн талбайд гарсан юм. Өнгөрсөн Лхагва гарагт 18 настай Медведева богино үзүүлбэрээр дэлхийн дээд амжилтыг тогтоосон боловч хэдхэн минутын дараа Загитова түүнийг нь эвджээ.

Өнөөдрийн урт үзүүлбэрийн өрсөлдөөнд Загитова, Медведева нар тэнцүү 156.65 оноо авсан ч нийлбэр дүнгээр Загитова илүү гарч олимпийн алтан медалийг зүүлээ.

Орос бүсгүйчүүдийн өрсөлдөөн ийнхүү залуу тамирчны ялалтаар өндөрлөлөө.

 

Эх сурвалж: The Guardian