Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 24 асуудал хэлэлцэж, 10 хууль батлуулжээ

ikon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

-УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гүйцэтгэсэн ажлын товч тайлан-

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.

Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 15 удаа, Тусгай хяналтын дэд хороо нэг удаа, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гурван удаа тус тус хуралдлаа.

Тайлангийн хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 24 асуудал хэлэлцэж, нийт 20 санал, дүгнэлт, нэг танилцуулга бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон бусад чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллуулав.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3, хууль соёрхон батлах тухай хууль 7, Улсын Их Хурлын тогтоол 8-ыг тус тус хэлэлцэн Улсын Их Хурлаар батлууллаа. Мөн санал хураалтын дүнгийн талаарх Улсын Их Хурлын даргын албан тоот 1-ийг боловсруулж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв.

 

Тус Байнгын хороо Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай, "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиуд, Дипломат харилцаа тогтоох тухай, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай”, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр тогтоолын тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус батлуулав.

Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хэлэлцээд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол гаргаж, Монгол Улсын Засгийн газарт болон Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам зэрэг холбогдох байгууллагад хүргүүллээ. Мөн Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүд Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, санал солилцлоо.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааных нь талаарх мэдээлэл, тайлангуудыг сонсож, холбогдох чиглэл өгч ажилласан бөгөөд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудаас шаардлагатай мэдээ, мэдээллийг тухай бүрт нь авч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.

 

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны зарим гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцан үнэлэлт, дүгнэлт өгч Байнгын хорооны тогтоол гаргаж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэв.

Байнгын хорооны дарга болон гишүүд дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдийг 5 удаа хүлээн авч уулзаж уулзалт, ярилцлага хийлээ.

Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усенов, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтр, Монголын Дипломат Академийн Ажлын албаны дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Жаргалсайхан, Х.Бэхбат нарыг тус тус хүлээн авч уулзлаа.

Түүнчлэн тайлангийн хугацаанд Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдээс өргөдөл, хүсэлт, албан бичиг ирүүлснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

Ажлын алба