Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Оргил: Бүдүүн, шулуун гэдэсний өвчний 70-80 хувь мэс заслын бус аргаар эмчлэгддэг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 2 сарын 19
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Бид эрүүл мэндээ үл хайхрахаас илүүгээр ичиж нэрэлхэх зангаасаа болж эрүүл мэндээ эрсдэлд оруулж байдаг. Мэргэжлийн эмнэлэг, эмчийг зорьдоггүй өөрөө эмчлэх гэж оролдоод хүндрүүлдэг өвчнүүдийн нэг нь бүдүүн, шулуун гэдэсний өвчлөл байдаг.  Энэ талаар Сонгдо эмнэлгийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын их эмч Н.Оргилтой ярилцлаа.

- Бие зассаны дараа цус гарах нь бүдүүн шулуун гэдэсний өвчний шинж тэмдэг мөн үү? 

Бөгснөөс цус гарах байх нь түгээмэл байдаг. Зарим тохиолдолд бүдүүн, шулуун гэдэсний ямар нэг өвчин байх албагүй. Хүний бүдүүн, шулуун гэдэснээс цус алдаж ирэх шалтгаан олон янз. Жишээлбэл шулуун гэдэсний амсрын урагдалт, цагаан мах эргэх, бүдүүн гэдэсний шархлаа, хавдартай, хавантай, харшлын гаралтай хавантай гэхчилэн янз бүр байж болно. Энэ бүх өөрчлөлтөөс хамаараад бие зассаны дараа цус илэрсэн тохиолдолд шууд эмчид хандах ёстой.

Нарийн мэргэжлийн эмч таныг үзэж, асуумж авч, шаардлагатай эмчилгээнд чинь зөв чиглүүлж өгнө. Ийм үед хэсэг газрын үзлэг хийснээр шалтгааныг бүрэн тодруулах боломжгүй. Зайлшгүй  нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Эхний ээлжинд нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй байх нь, эмч нарийн мэргэжлийн үзлэгийн тусламжтайгаар ямар шинжилгээ авахыг, өвчлөлийн оношийг тодорхойлж өгнө, тэр дагуу зөв эмчилгээгээ хийнэ. 

- Ямар нэг зовиур, өвдөлт мэдрэгдэхгүй ч цус гарах нь ноцтой зүйл байхнээ? 

- Хэрвээ бөгсний амсрын гаралтай өөрчлөлт өвчин байвал зарим тохиолдолд огт өвдөхгүй байгаа хэрнээ цус гараад байх тохиолдол байдаг. Тэгэхээр цусаа гаргаад яваад байх чинь эрүүл мэндэд сайнгүй. Хүний биеийн цус тодорхой хэмжээтэй байгаа. Таны биеэр гүйж чухал үүрэг гүйцэтгэдэг цус гадагшлаад, багасаад байна л гэсэн үг.

Тэгэхээр их бага цус гарлаа гэлтгүй эмчид үзүүлэх хэрэгтэй, хүмүүс үзүүлэхгүй явсаар байгаад цусны дутагдалд орчихдог. Цус нь багасаад ирэхээр тархи толгой, зүрх судас өвдөж эхлэхэд андуураад өөр мэргэжлийн эмчид үзүүлэх нь бий. Шалтгаанаа тодорхойлуулалгүйгээр цус гарахад тоолгүй удаан явах нь амь насанд аюултай.

- Хүмүүс гэхдээ энэ төрлийн өвчнөө эмчид үзүүлэхээс цааргалдаг шалтгаан ичиж, нэрэлхэхтэй нь холбоотой санагддаг? 

- Бүдүүн, шулуун гэдэс нь өвчилж, өөрчлөлтөнд орсон хүмүүс  ичиж нэрэлхсэндээ өвдөлтөө тэсвэрлэн удаан хугацаанд явах, эсвэл хэн нэгнээс сонссон, ам дамжсан зүйлс болох лаа хийх гэх мэтээр аргацаагаад байх нь бий. Энэ үед өөрийгөө эмчлэх гэж оролдох нь өвчнийг хүндрүүлж, эмчлэхэд түвэгтэй болгодог. Цус алдалтын шалтгааныг зөв тодруулбал зөвхөн мэс заслын эмчилгээ бус эмчилгээний өөр олон арга бий. 

- Энэ төрлийн өвчний 70-80 хувь нь мэс заслын бус аргаар эмчлэгдэх боломжтой  гэдэг? 

- Хагалгаа хийхийн өмнө мэдээж өвчний үе шатуудыг тодорхойлно. Ямар ч өвчний эхний үе шатанд анхдагчаар зовиур илрэхэд нь хандсан бол эмчилгээ аваад эдгэчих боломжтой. Дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягаар ч эмчлэх боломжтой. 

Харин хүндрүүлээд өвчнөө даамжруулчихвал мэс заслын эмчилгээ бүрэн туслана. Гэхдээ ариун цэврийн өрөөнд удаан суух, өтгөн нь их хатдаг, эсвэл гүйлгэх зэрэг өвчлөлд хүргээд байгаа шалтгаанаа, түүнд нөлөөлсөн хэв маягаа засахгүй л бол дахиж л таарна. 

- Бүдүүн, шулуун гэдэсний өвчин удамших буюу халдварлах тохиолдол бий юу? 

- Бие биендээ халдаана, удамшина гэж байхгүй. Гэхдээ тухайн өрх айлын амьдралын хэв маяг, хэвшилээс шалтгаална. Нэг өрх айл гэдэг эцэг эх нь ариун цэврийн өрөөнд ном унших ч юмуу, утсаа бариад удаан сууж байна уу гэдгийг ч хүүхэд дуурайна. Тэгээд дээр нь идэж байгаа хоолноос хамаараад өтгөн хатна эсвэл гүйлгэнэ. Нэг тогооноос хоол идэж байгаа нь ижил өвчнөөр өвдөх шалтаг болдог гэж хэлж болно. Тэрнээс биш бүдүүн, шулуун гэдэсний өвчин халдварладаггүй. 

- Улсын эмнэлэгүүдээр бүдүүн шулуун гэдэсний мэргэшсэн эмч байдаг уу? 

- Харамсалтай нь дүүргүүдийн эмнэлэгт бол бүдүүн, шулуун гэдэсний кабинетийн эмч нар байдаггүй. Ерөнхий мэс заслын эмч нар ихэвчлэн үзэж, УНТЭ-т үзүүлж, эмчлүүлэх бичиг хийж өгдөг. Тэгэхээр улсын хэмжээнд нарийн мэргэжлийн эмнэлэг гэвэл УНТЭ, манай Сонгдо эмнэлэг хоёр бүдүүн, шулуун гэдэсний өвчлөлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оношлох, эмчлэх тал дээр тэргүүлдэг гэж хэлж болно. 

 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.