Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Цээж нүцгэн” Тонга залуу олимпийн зорилтоо давуулан биелүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн бяцхан Тонга арал улсаас Пёнчаны өвлийн олимпийн наадамд ганцаар оролцож буй Пита Тауфатофуа өчигдөр гүйлтийн цанын 15 км зайд амжилттай уралдаж тавьсан зорилтоо давуулан биелүүлжээ.

Түүнийг 2016 оны Рио, 2018 оны Пёнчаны олимпийн наадмуудын нээлтэд Тонгагийн тугийг өргөн цээж нүцгэн алхаж байснаар нь дэлхий нийт мэддэг болсон юм.

 

Пита хоёрхон жилийн өмнө амьдралдаа анх удаа цас үзсэн бол амьдралынхаа 12 долоо хоногийг л цасан дээр өнгөрөөсөн байна. Нутагтаа тэр зөвхөн дугуйт ролик ашиглан бэлтгэл хийж байжээ.

Өчигдөр Пита нийт 116 тамирчин уралдсанаас 113 дугаарт орж, ардаа гурван тамирчныг орхисон байна. Түүний ард мөн цас үздэггүй улсууд болох Мороко, Португаль, Мексикийн тамирчид орсон юм.

Гүйлтийн цанын 15 км-ын уралдаанд Швейцарийн Дарио Колониа түрүүлж, дараалан гурван удаа алтан медаль зүүжээ. Монгол улсын тамирчин Б. Ачбадрах өчигдөр 97 дугаар байранд орсон юм.

Тонгагийн тамирчин тэмцээнээс өмнө сэтгүүлчдэд өөрийн зорилтыг хэлж байв. Тэр нэгдүгээрт “зохион байгуулагчдыг гэрлээ унтраахаас өмнө амжиж барианд орох”, хоёрдугаарт “мод мөргөхгүй байх” зорилготойгоо хэлж байжээ.

Тэгвэл тэр эдгээр зорилтоо давуулан биелүүлж, ардаа гурван тамирчин орхисон байна.

Пита 2016 онд Риогийн зуны олимпийн наадамд таэквондогоор оролцож, эхний тоглолтдоо ялагдан хасагдаж байжээ. Одоо тэр 2020 оны Токиогийн олимпийн наадамд дахин цээж нүцгэн алхаж, устай холбоотой ямар нэг төрлөөр оролцох бодолтой гэдгээ сэтгүүлчдэд хэлсэн байна.

Тонга бол Номхон далайд оршдог арал улс бөгөөд 100 мянга орчим хүн амтай, хаант засаглалтай юм.

 

Эх сурвалж: Business Insider