Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жэкоб Зума огцрох болсноо зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2009 оноос хойш алба хашиж байгаа Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жэкоб Зума өөрийн намын шахалтаар огцрох болсноо хэдхэн цагийн өмнө зарлалаа.

Ард иргэддээ хандаж телевизээр мэдэгдэл хийсэн Зума даруй ажлаа өгөхөө мэдэгдсэн ч өөрийн харьяалагдаг Африкийн Үндэсний Конгресс намын шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа хэлжээ.

Нам нь түүнийг даруй огцрох, эсвэл парламентаар итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураах хоёр замыг тулгаад байв. Одоо 75 настай Зума олон тооны авлигын хэрэгт орооцолдоод байгаа юм.

Өчигдөр өглөө цагдаа нар Зуматай ойрын холбоотой гэгддэг баян чинээлэг, нөлөө бүхий Гуптагийн гэр бүлд нэвтэрч, нэгжлэг хийжээ.  

Тивдээ хамгийн их аж үйлдвэржсэн оронд тооцогддог Өмнөд Африкийг апартейд дэглэмээс салснаас хойшх хугацааны гуравны нэг гаруйд нь Зумагийн засаглал тогтож байв.

Өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын дээд шүүх Зумаг авлига, луйвар, мөнгө угаалтын нийт 18 хэрэгт буруутгасан юм. Гэвч тэр сүүлийн хэдэн сар албан тушаалдаа үлдэх гэж нэлээд тэмцэлдсэн. Өмнөд Африкт тохиолдоод байгаа эдийн засгийн хямралыг ч түүний буруу бодлоготой холбон тайлбарладаг.

Одоо Африкийн Үндэсний Конгресс намын дарга, дэд ерөнхийлөгч Рамафоза түүний оронд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх төлөвтэй байна.

2019 онд Өмнөд Африкийн ээлжит ерөнхийлөгчийн сонгууль болох юм.

 

Эх сурвалж: BBC