Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрбээр өглөө 09:00 цагт Баруун-Урт хотын төв талбайд зочилж Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Үүний дараа аймгийн удирдлагуудтай уулзаж санал бодлыг нь сонсоод зарим асуудлыг шийдвэрлэв.

Аймгийн засаг дарга З.Энхтөр аймгийн нөхцөл байдал, өвөлжилт, төлөвлөгөөт ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "Сүхбаатар аймаг өдгөө 61 мянга гаруй иргэн, 3.5 сая толгой малтай байна. Малын тоо нь улсдаа 10 дугаар байрт орох үзүүлэлт юм.

Нийтдээ аймгийн нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь зудтай байна. Ялангуяа Мөнххаан, Асгат сумдууд цас ихтэй байна.

Аймгийн аюулгүйн нөөцөд 250 тонн өвс бэлтгэж тараагаад дууссан. Саяхан улсын онцгой комиссын шийдвэрээр 150 тонн өвс, 100 тонн тэжээл үнэгүй малчдадаа хүргэсэн байгаа.

2016-2020 онд бид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр гол зорилт тавьсан. Мөн гадаад харилцааг өргөжүүлнэ.

2018 оны хувьд Баруун-Урт суманд 960 гаруй хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Уулбаян суманд 75 хүүхдийн дотуур байр, Түвшинширээ, Эрдэнэцагаан суманд 200 хүүхдийн цэцэрлэг, Халзан, Мөнххаан суманд 240 суудал бүхий соёлын төв, Наран, Дарьганга суманд 10 ортой эрүүл мэндийн төвийг улсын төсвөөс хийнэ.
Нийт 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөж байна.

Харин Ерөнхий сайдаас Баруун-Урт, Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай зам, Баруун-Урт сумын дулааны цахилгаан станц, бохир усны цэвэрлэх байгууламжийг шинээр барих, хотын гэрлэн дохио, камержуулах ажлыг хөрөнгө оруулалтаар дэмжиж өгөхийг хүсье” гэв.

"Төрийн үүрэг бол иргэддээ үйлчлэх, тэднийг хамгаалах"
 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн удирдлагуудад хандаж "Аавынхаа төрсөн нутаг, миний ажил амьдралын гараа эхэлсэн энэ нутагтаа ирсэндээ баяртай байна.

Монгол Улсын Засгийн газар нэгдүгээрт төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах, хоёрдугаарт эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх.

Ирэх жил бид эдийн засгийн өсөлтийг 5 хувь болгох зорилт дэвшүүлж байна. 2019 онд манай эдийн засгийн өсөлтийг 6-8 хувь байна гэж  Дэлхийн банкнаас төсөөлсөн байна лээ. Энэ нь эдийн засаг сэргэж эхэлсний том илэрхийлэл юм.

Би хэд хэдэн зүйл дээр та бүхэнд үүрэг өгье. Нэгдүгээрт 2018 оны Хариуцлагын жил болгож Засгийн газар зарласан. Төсөвт арга хэмжээ бусад ажлуудыг цаг хугацаанд хийх, хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ биелүүлж, ААН, иргэдийн өргөдөл гомдлыг нэг цэгээс хүнд сурталгүй, хөнгөн шуурхай үзүүлэх хэрэгтэй.

Төрийн үүрэг бол иргэддээ үйлчлэх, тэднийг хамгаалах. Монгол төр монгол хүн ядарч зүдэрч байгаа газар хамтдаа байх ёстой.

Энэ жил төсөл арга хэмжээндээ Үнэлгээний хороонд байгуулж цаг хугацаанд нь бүх ажлуудаа хийж дуусгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

Ерөнхий сайдын хувьд Сүхбаатар аймагт дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол нь та нар төлөвлөлтөө сайн хийж, үр дүнд хүрэх хэрэгтэй" гэдгийг онцлон захисан юм.

Уулзалтыг төгсгөлд аймгийн удирдлагуудаас хүссэн дөрвөн сумын эмнэлгийн түргэн тусламжийн автомашин, 150 тонн өвс үнэгүй, 50 тонн тэжээл 50 хувийн хямдралтай олгохоор болсноо У.Хүрэлсүх сайд мэдэгдлээ. Харин бусад хөрөнгө оруулалтыг судалж, шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм.