Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймагт 26 жилийн дараа “Улсын хошой аварга” малчин төрлөө

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны орон нутгийн томилолтоо өчигдөр Хэнтий аймгаас эхлүүлсэн тухай бид мэдээлсэн билээ.

Томилолтын хүрээнд тэрбээр

  1. Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Л.Лувсанбаярт “Улсын хошой аварга малчин” шагнал,
  2. Г.Гонгорбаатарт “Улсын аварга малчин” шагнал,
  3. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин Д.Нямдоржид “Улсын аварга малчин” шагнал гардуулсан юм.

Улсын аварга малчны шагналыг малын тоо толгойноос гадна мал маллах арга ухаан, түүнийгээ бусдад сургах, залуусыг малтай болгох, худаг ус гаргах зэрэг олон шалгууруудыг хангасан цөөн малчдад олгодог билээ.

Малчин Л.Лувсанбаяр гуай өөрийн нөр их хөдөлмөрийн үр шимийг хүртэж өдгөө 3,000 гаруй толгой малтай болсон бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа юм.

“Малчин хүнд сэтгэл, зүтгэл, итгэл байхад болдог”

Бид түүний гэрээр зочилж сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрбээр "Би 50 гаруй жил энэ нутагтаа мал маллаж байна. Малчин хүнд сэтгэл, зүтгэл, итгэл байхад болдог. Мал дагасан хүн ам тосоддог гэсэн хуучны үг байдаг. Өнөөдөр би мал дагасны хүчинд төр засгаасаа энэ нэр хүндтэй шагналыг авлаа.

Сэтгэл их өндөр байна. Манай энд энэ жил их сайхан өвөл боллоо. Мал хунар зутарсангүй. Малчин хүн жилийн дөрвөн улиралд бэлтгэл хангасан байх ёстой” гэв.

Л.Лувсанбаярын гэргий н.Жавзмаа “Мал малласны хүчинд энэ зэрэгтэй сайхан амьдарч, үр хүүхдэдээ үлгэр жишээ болж байна гэж би хувьдаа боддог.

Би дөрвөн хүү, нэг охинтой.

Энэ жил өвөлжилт гайгүй ч бэлчээрийн даац тиймхэн байна. Бид жил бүр 4 орчим тонн малын өвс, тэжээл бэлддэг" гэсэн юм.

Хүү Л.Батцолмон “Миний аав Монгол Улсын хошой аварга малчин болзлыг хангалаа. Энэ цолыг Хэнтий аймагт 26 жилийн дараа төрж байгаа юм байна.

Аав, ээж хоёр маань уйгагүй хөдөлмөрч хүмүүс. Энэ жил байгалийн хужрыг газрын холоос татаж, өвсөө цаг тухайд нь бэлдсэнээр өвлийг өнөтэй давлаа” гэсэн юм.

Ерөнхий сайдын томилолт өнөөдөр Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Тэрбээр нутгийн удирдлагууд, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох юм. Мөн хоёр малчны гэрээр зочилж "Улсын аварга малчин” шагналыг гардуулна.