Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Су-25 онгоцыг Сирийн босогчид унагаж, нисгэгчийнх нь амийг хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сирийн баруун хойд Идлиб мужид нисэж явсан ОХУ-ын агаарын хүчний  Су-25 байлдааны нисэх онгоцыг Сирийн босогчид газар-агаар ангиллын системээр буудаж унагасан тухай Оросын Батлан хамгаалах яам өчигдөр мэдээллээ.

Нисгэгч нь шүхрээр буусан хэдий ч газардсаныхаа дараа зэвсэгт бүлэглэлийнхэнд алагдсан байна. Урьдчилсан дүгнэлтээр онгоцыг MANPAD (man-portable air-defense system) буюу хүний мөрөн дээрээс харвадаг зөөврийн зэвсгээр сөнөөжээ.

Нисгэгчийн газардсан нутаг дэвсгэр нь Аль-Нусра зэвсэгт бүлэглэлийн хяналтад байдаг юм. Одоо Идлибийн бүс нутаг дахь ажиллагааг хариуцаж байгаа Туркийн талтай хамтран алагдсан нисгэгчийн цогцсыг олж авахаар ажиллаж байгаагаа Оросын тал мэдээлжээ.

Онгоцыг Аль-Нусра зэвсэгт бүлэглэлтэй холбоотой Тахрир аль-Шам бүлгийнхэн устгаснаа зарласан байна.

2016 оны долдугаар сард Палмира хотын ойролцоо ажиллагаа явуулж байсан Оросын армийн нисдэг тэргийг Исламын улс бүлэглэлийнхэн сөнөөж, хоёр нисгэгч алагдаж байв.

ОХУ-ын Сири дэх агаарын ажиллагаа 2015 оны есдүгээр сараас 2017 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн. Арванхоёрдугаар сарын дундуур ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хмеймим агаарын баазад зочлохдоо Оросын ихэнх цэргийг Сириэс гаргахаа мэдэгдсэн юм.

Москвагаас зохион байгуулсан агаарын ажиллагаанд өнгөрсөн хугацаанд Исламын улс, Аль-Нусра зэрэг зэвсэгт бүлэглэлийн 60,000 орчим гишүүн алагдсан тухай ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн байдаг.

 

Эх сурвалж: Russia Today