Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын хоригоос Орос, Монгол улсууд хожжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Хятадын Гаалийн Ерөнхий газар 2017 оны тоо баримтаа нийтэд танилцуулжээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр Хойд Солонгосын эсрэг тавьсан худалдааны хоригийн нөлөөгөөр ОХУ, Монголын нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн онд хамгийн өндөр өсөлттэй гарсан байна.

2017 онд ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт өмнөх оноос 36.3 хувиар өсөж, 25.3 сая тоннд хүржээ. Арванхоёрдугаар сард тус улс 2.14 сая тонн нүүрс экспортлосон нь жилийн өмнөх мөн үеэс 16.2 хувь, өмнөх сараасаа 11.5 хувийн өсөлттэй байсан байна.

Монголын нүүрсний нийлүүлэлт 2017 онд өмнөх оноос 27.6 хувиар өсөж, 33.58 сая тоннд хүрсэн байна. Арванхоёрдугаар сард 2.83 сая тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үеэс 18.6 хувь илүү, арваннэгдүгээр сараас 2.5 хувь илүү гарсан үзүүлэлт болжээ.

Хятад улс Хойд Солонгосын нүүрсний нийлүүлэлтийг өнгөрсөн оны хоёрдугаар сард зогсоож байсан юм. Оны үлдсэн хугацаанд зөвхөн найм, есдүгээр саруудад бага хэмжээний нүүрс Хойд Солонгосоос импортложээ.

2016 онд Хятадын тал Хойд Солонгосоос 20 сая тонн нүүрс импортлож, тус улсыг Австрали, Индонез, Монголын дараа дөрөв дэхь том нүүрс нийлүүлэгчээ болгож байв.

Дүгнэж хэлбэл Хойд Солонгосын орон зайг 2017 онд Оросууд эзлэн авсан нь эндээс харагдаж байна.

2017 онд Австрали улс Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч хэвээр байж, энэхүү байр сууриа зургаан жил дараалан хадгалжээ. Тэд өнгөрсөн онд 79.91 сая тонн нүүрс Хятадад нийлүүлсэн нь өмнөх оноос 13.4 хувь өссөн дүн юм.

Австралийн нүүрс хүхэрлэг нэгдэл, хөө тортог зэрэг бохирдуулагч багатай, илч сайтай тул хамгийн сайн чанартайд тооцогддог байна.

Харин Индонез улсаас 2017 онд 35.28 сая тонн нүүрс нийлүүлсэн нь 2016 оны дүнгээс 9.7 хувь буурсан үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Reuters