Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимаар хүлээн авдаг боллоо. Энэ үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Тус системд Барилга, хот байгуулалтын яамны цахим хаягаар бүртгүүлэх аж. http://www.barilga.gov.mn/?page=home&module=slide  
 
Гэрэл зургийг mpa.mn

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Энэ ажил нь манай барилгын салбарт хийгдэж буй шинэчлэл юм. Барилгын тусгай зөвшөөрлийн талаар иргэдийн дунд янз бүрийн мэдээлэл байдаг. Тиймээс цахим хэлбэрт шилжсэнээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, шударга, нээлттэй болно. Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг өмнө нь цаасан хэлбэрээр авч, олон шат дамжлага дамждаг байсан. Харин одоо бүх зүйл цахимаар шударга хийгдэнэ" гэв.

Тусгай зөвшөөрөл олгох цахим систем нь төрийн байгууллагуудын мэдээллийн сантай шууд холбогдсон байна. Тухайлбал, одоогоор БСШУСЯ, ОӨУБЕГ, НДЕГ-ын мэдээллийн сантай холбогджээ.

"ААН-үүд тусгай зөвшөөрлийн хүсэлтээ ямар шатанд байгааг хянах боломжтой"
 
Гэрэл зургийг mpa.mn

Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Батзориг "Нэгдсэн цахим программын сүлжээнд орсноор аж ахуйн нэгж байгууллагууд цаас бүрдүүлдэг үе өнгөрч байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын цахимаар хүссэн тусгай зөвшөөрлийн хүсэлт нь ямар шатанд явж байгааг хянах боломжтой болж байгаа юм.

Мөн манай программд төрийн мэдээллийн "Хур" систем орсон байгаа. Хур системээр тухайн ажилтан, албан хаагчдын диплом хуурамч, жинхэнэ эсэх, мөн ямар компанид ажилладаг гэх мэт мэдээллийг авах боломжтой юм.

Программыг ашиглахын тулд эхлээд аж ахуйн нэгж байгууллага бүртгүүлнэ, хоёрдугаарт тухайн байгууллагын инженер техникийн баг мэдээллээ системд оруулна, гуравдугаарт тухайн хүссэн хүсэлтийг нь бид харна.

Өмнө нь ажилтны диплом, үнэмлэх зэргийг канондох, нотариатаар батлуулах зэрэг хүндрэлтэй асуудлууд гардаг байсан бол одоо энэ бүгд нь алга болж байгаа юм" гэв.