Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Кэйп Таун хот усгүй болоход 90 хоног үлджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Гурван жил үргэлжилсэн, урьд өмнө тохиолдож байгаагүй гангийн улмаас Өмнөд Африкийн Кэйп Таун хот 90 хоногийн дараа ямар ч усны нөөцгүй болох гэж байгаагаа зарлажээ.

Ингэснээр Кэйп Таун усгүй болсон дэлхийн анхны томоохон хотод тооцогдох юм. Дөрвөн сая хүн амтай, далайн эргийн томоохон хотын дарга Патрисиа Де Лилл усны хэрэглээгээ эрс багасгахгүй бол үүнээс ч богино хугацаанд хуурай хот болох гэж байгааг оршин суугчиддаа анхааруулжээ.

Хотын дарга усгүй болох сар өдрийг ч зарласан байна. Энэ нь дөрөвдүгээр сарын 22 байх гэнэ.

Хотын нөөцийн усан сангийн үлдэгдлийг 13.5 хувьтай болох үед хангамжийг шууд зогсооно гэжээ. Учир нь нөөцийн 10 хувийн үлдэгдэл нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй шавхрууны хэсэг юм байна. Харин илүү гарсан багахан хэсгийг эмнэлэг зэрэг онцгой салбаруудад нөөцлөх гэнэ.

Үүний дараа хот даяар байрлуулах 200 зөөврийн усны цэгээс иргэд өдөрт 25 литрийн нормтой ус авдаг болох юм. Эдгээрийг буутай цэргүүд хамгаалсан байх болно.

Одоогийн байдлаар хотын нэг өрхийн усны хэрэглээг өдөрт 87 литрээр хязгаарлаад байгаа. Энэ нь гэр бүлийн нэг гишүүн 2 минутаас илүүгүй хугацаагаар шүршүүрт орох хэрэглээ юм. Цэцэг услах, машин угаах тухай ярилтгүй. Угаалгын машин, аяга таваг угаагчийг хэрэглэхийг хориглож байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд оршин суугчийн тоо нь хоёр дахин нэмэгдсэн Кэйп Таун хотыг усны хомсдолд орохыг мэргэжилтнүүд эртнээс сануулж байжээ.

Одоо хотын захиргаа далайн усыг цэвэршүүлэх өндөр өртөгтэй станц байгуулахаар ажиллаж байна. Гэхдээ энэ нь усгүй болох өдрөөс өмнө ашиглалтанд орохгүй нь тодорхой. Цаг уурын өөрчлөлт цаашдаа Кэйп Таунд энэ мэт ган гамшгийн үргэлжлэх хугацааг нэмэгдүүлж, хур тунадасын хэмжээг эрс багасгана гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Time.Com