Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны байгуулсан охидын хамтлагийг Пёнчанд ирүүлэх талаар хэлэлцэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Моранбон хамтлаг

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчанд болох Өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосын урлагийн багийг ирүүлэх асуудлаар хоёр Солонгосын талууд өнөөдөр хэлэлцэж байна.

Хилийн Панмунжом тосгоны Хойд Солонгосын хэсэгт өглөөний 10:00 цагт хэлэлцээр эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон дээд түвшний уулзалт хэлэлцээрийн дараа энэхүү ажлын хэсгийн уулзалт болж байгаа юм.

Өнөөдрийн уулзалтаар урлагийн багийн бие бүрэлдэхүүний тоо, аялалын зам, цагийн хуваарийг хэлэлцэж тогтох гэнэ.

Хойд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тус улсын соёлын яамны хэлтсийн дарга, Унхасу оркестрийн дарга асан Квон Хёк Бон ахалж байгаа ажээ.

Мөн Ким Жон Уны 2012 онд үүсгэн байгуулсан охидын Моранбон хамтлагийн ахлагч Хён Сон Вол төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна. Олон Улсын Олимпийн Хороо хоёр Солонгосын спортын төлөөлөгчдийг Швейцарийн Лозань хотод ирэх Бямба гарагт уулзуулах ажлыг зохион байгуулахаар болсон юм.

Энэ уулзалтаар хоёр Солонгосын тамирчдыг нээлт, хаалтын ажиллагаанд хамт жагсаах Өмнөд Солонгосын саналыг хэлэлцэнэ. Урьдчилсан байдлаар Хойд Солонгос энэ саналыг нааштай хүлээж аваад байгаа юм. Сөүлийн албаныхан мөн эмэгтэй хоккейн хамтарсан баг оролцуулах санал дэвшүүлээд байна.

 

Эх сурвалж: Korea Times