Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Туркменистан, Франц улсууд Хятадын төрийн тэргүүнд хүлэг морь бэлэглэж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Хятадад төрийн айлчлал хийхдээ өөрийн торгон цэргийн агтнаас Везувиус нэртэй хүлэг морийг Ши Жиньпинд бэлэглэсэн нь Францын түүхэнд анхны мал амьтан бусад улсад бэлэглэсэн тохиолдол байв.

Ер нь Хятад улсын гадаад бодлогод амьд амьтан бэлэглэх соёл чухал үүрэгтэй байдаг. Үүнийг Макрон зөв тооцож, ийм бэлэг сонгосон нь тодорхой байна.

Гэхдээ Макрон Хятадын төрийн тэргүүнд адуу бэлэглэсэн анхны ерөнхийлөгч байсангүй. Өмнө нь Туркменистаны ерөнхийлөгч Бердымухамедов 2014 онд Хятадад айлчлахдаа дорнын цаг тооллын морин жилийг билэгдэж, Туркмений алдарт Ахал-Текэ үүлдрийн морь бэлэглэж байжээ.

Дараа нь мөн 2014 онд Монгол улсад айлчилсан Ши Жиньпинд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан удмын хоёр адууг найрамдалт харилцааны билэгдэл болгон бэлэглэж байв.

Энэ хоёр тохиолдлын дараа Францын ерөнхийлөгч гурав дахь адууг бэлэглэсэн нь энэ юм.

Үүнээс гадна Өмнөд Азийн орнууд Хятадад заан бэлэглэж байсан уламжлалтай. Тухайлбал Шри Ланка улс 1972, 1979, 2007 онуудад заан бэлэглэж байсан бол 1953, 1960 онуудад Вьетнамын удирдагч Хо Ши Минь Хятадын төрийн тэргүүн Мао Зэдунд хоёр удаа заан илгээж байжээ.

Харин 2015 онд Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабэ хоёр эрслэнг дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн бэлэг болгон Хятадад илгээсэн байна.

Алдабра гэгддэг манай дэлхийн хамгийн том яст мэлхийг Сейшелийн арлууд, Мальдивийн арлын төрийн тэргүүнүүд Хятадад бэлэглэж байв.

Харин Хятадууд өөрсдөө гадаад орнуудад голдуу Панда баавгайг бэлэглэсэн байдаг. Хамгийн анх долдугаар зуунд Тан улсын хатан хаан Японы удирдагчид хос панда бэлэглэж байсан баримт бий.

1950-1982 оны хооронд Бээжин дэлхийн 9 улсад нийт 23 панда бэлэглэжээ. Харин 1982 оноос эхлэн пандаг бэлэглэхээ зогсоож, оронд нь 10 жилийн хугацаатай зээлдэг болсон байна. Хамгийн сүүлд есдүгээр сард Хятадын засгийн газар Индонезид хоёр панда бэлгэнд зээлээр өгсөн юм.

Өнөөдөр дэлхийн 15 улсын амьтны хүрээлэнд Хятадаас 10 жилийн хугацаатай зээлүүлсэн панда баавгайнууд амьдарч байна.

 

Эх сурвалж: South China Morning Post