Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Коммунизм яг Загалмайтны шашин шиг, Ленин яг хутагт хувилгаад шиг

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коммунизмыг шашинтай, Ленинийг хутагт хувилгаадтай зүйрлэн ярьсан дүрс бичлэг өчигдөр олон нийтэд хүрсэн байна.

Оросын телевизийн нэгдүгээр сувгаар цацагдсан “Валаам” баримтат кинонд оролцсон Путин “Миний одоо хэлэх үг хүмүүст таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ энэ бол миний харах өнцөг юм” хэмээн ярьжээ.

“Нэгдүгээрт, итгэл үнэмшил, сүсэг бишрэл үргэлж бидэнтэй хамт явсаар ирсэн. Ард түмэн, улс оронд маань хүнд хэцүү цаг үе тохиолдоход энэ нь улам хүчтэй болдог. Шашныг хориглож, сүм хийдийг сүйтгэсэн цаг үе ирэхтэй зэрэгцэн өөр шинэ шашин шүтлэг бий болж байсан. Коммунист үзэл суртал бол Загалмайтны шашинтай маш адилхан. Эрх чөлөө, ах дүүгийн барилдлага, тэгш эрх, шударга ёс гэсэн ойлголтууд нь бүгд шашны ариун ном сударт бичигдсэн байдаг. Үнэндээ коммунизмын онол бол Библийн нэг хувилбар. Ямар ч шинэ санаа байхгүй” гэж Путин ярьсан байна.

Тэр цааш нь Большевикуудын удирдагч Владимир Ленинийг хутагт хувилгаадтай адилтгажээ. “Бунханд байгаа Ленинийг шарилыг хар л даа. Энэ нь Загалмайтны шашны хутагт хувилгаадын шарилыг бурханчлан тахиснаас ямар ялгаатай юм бэ? Загалмайтны шашинд ийм уламжлал байхгүй гэж зарим нь хэлж магадгүй. Тэгвэл Грекийн Атос ууланд очоод хар. Тэнд хутагтуудын шарил хадгалагдаж байгаа. Бидэнд ч бас энд нэг шарил байна” хэмээн ярьжээ.

Ленинийг 1924 онд нас барсны дараа Москва хотын Улаан талбайд шарилыг нь занданшуулж, бунханд байрлуулсан юм. Түүний шарилыг бунхнаас гаргаж, хүн ёсоор оршуулах тухай яриа бүр 1980-аад оны дундаас буюу Перестройка эхлэх үеэс иргэдийн дунд яригдаж эхэлжээ.

Сүүлийн жилүүдэд энэ яриа улам эрчимжих болсон. Путины хэлсэн үг Ленинийг бунхнаас гаргаж оршуулах санаанд улам хүч нэмж байна.

Гэхдээ Оросын Коммунист намын дарга Геннадий Зюганов нэг удаа Путин түүнд “ерөнхийлөгчийн суудалд байх хугацаандаа Лениний бунхнаар оролдохгүй” хэмээн амласан тухай ярьж байв.

 

Эх сурвалж: Russia Today