Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Биткойны хөрөнгө оруулагчид Өмнөд Солонгосын засгийн газарт шахалт үзүүлж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Крипто валютын арилжааг хориглох тухай албаныхан мэдээлсний дараа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид засгийн газартаа эсэргүүцэл илэрхийлж эхэлжээ.

Өчигдөр тус улсын хууль зүйн сайд Пак Сан Ки крипто валютын арилжааны төвүүдийг хаах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл энэ мэдэгдлийн дараа хэдхэн цагийн дотор 50,000 гаруй иргэн ерөнхийлөгчийн Хөх ордны санал хүсэлтийн онлайн хэсэгт эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн 28,000 хүн Санхүүгийн Зохицуулах Байгууллагын тэргүүн Чой Хюн Сикийг огцруулах өргөдөлд гарын үсэг зурсан байна.

Энэ бүхний дараа Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ён Юн Чан “Пак сайдын мэдэгдэл бол яригдаж байгаа арга хэмжээнүүдийн зөвхөн нэг хувилбар юм” хэмээн иргэдийг тайвшруулжээ.

Санал хүсэлтээ илгээсэн иргэдийн зарим нь “крипто валют үхвэл би бас үхнэ”, “крипто валют бол аж үйлдвэрлэлийн дөрөвдэх хувьсгалын гол хэсэг тул түүнийг устгах нь ирээдүйгээ устгаж байгаатай адил”, “хэрвээ хоригловол 20-30 насны залуучууд голдуу хохирно. Тэгвэл бид сонгуулиар өшөөгөө авах болно” гэх зэргээр үзэл бодлоо бичсэн байгаа юм.

Хууль зүйн сайдын өчигдрийн мэдэгдлийн дараа дэлхий даяар крипто валютын зах зээлд уналт үүсээд байна.

Өмнөд Солонгос нь крипто валютын зах зээлийн чухал оролцогчид тооцогддог. Нийт биткойн арилжааны дөрөвний нэг орчим нь воноор гүйцэтгэгддэг гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: Korea Times