Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сүмогийн дээд ангиллын шүүгч өсвөр насны залууд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүмогийн дээд ангиллын шүүгч буюу засуул Шикимори Иносуке өөрийн дор ажилладаг өсвөр насны засуулд бэлгийн дарамт үзүүлснийг илрүүлснээ Японы Сүмогийн Холбоо өчигдөр зарлажээ.

58 настай Шикимори арванхоёрдугаар сарын 16-нд Окинава мужийн Гинованд эхэлсэн орон нутгийн барилдааны эхний өдөр хэт согтсон үедээ залуу засуулыг оролдож, хэд хэдэн удаа үнсэн, биед нь халдаж байсан гэнэ.

Гарсан хэргийн талаар Сүмогийн Холбоо өчигдөр буюу Баасан гарагт мэдэхээс өмнө Шикимори залуу засуулаас уучлал гуйгаад байжээ. Тэрээр согтуудаа хийсэн үйлдлээ санахгүй байгаагаа Сүмогийн Холбооны хяналтын албаныханд мэдүүлсэн байна.

Хохирогч залуу уг хэргийг шүүх, цагдаад мэдээлэх бодолгүй байгаа бол Сүмогийн Холбоо удирдах зөвлөлийн хуралдааныг шуурхай зохион байгуулж, Шикиморид оноох шийтгэлийг хэлэлцэхээр болжээ.

Харумафүжиг зодог тайлахад хүргэсэн сүмогийн ертөнцийн дуулиан дөнгөж намжиж байхад дахин нэг дуулиан дэгдэж байгаа нь энэ юм. Өмнөх хэрэгтэй холбоотой дэвжээний эзэн Таканоханаг Сүмогийн Холбооны захирлын суудлаас Пүрэв гарагт огцруулсан билээ.

 

Эх сурвалж: Japan Today