Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр ууланд ажиллах аврагчдыг бэлтгэхэд мэргэжлийн уулчидтай хамтарна

ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр “JCI Hiking club”-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 10 дугаар сард Отгонтэнгэр ууланд болсон ослоос сургамж авч, уулын спортыг хөгжүүлэх, Онцгой байдлын албаны аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах саналыг тэд ОБЕГ-ын даргад тавьсан юм.  

Уулзалтын үеэр, “JCI Монгол” байгууллагын олон улс дахь хамтын ажиллагааг түшиглэн гадаад, дотоодын мэргэжлийн уулчидтай хамтран Онцгой байдлын албаны аврагчдын дунд ууланд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах хамтарсан сургалт, дадлага сургуулийг 2018 онд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа  “JCI Hiking club”-ын гишүүд уламжиллаа.

Онцгой байдлын албаны хувьд ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдын стандарт бүхий хувцас, багаж хэрэгслээр дутмаг байдаг. Тийм учраас мэргэжлийн уулчдын хэрэглэдэг хувцас, багаж хэрэгслийн стандартыг тогтоох, аврагчийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй ажиллагааны сургалт, дадлагуудыг зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газраас 2018 онд өндөр ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдын ур чадварыг дээшлүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, уулсын спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн уулчидтай хамтран ажиллах, уулчдын зөвлөгөөн, сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.