Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад-Хойд Солонгосын нууц наймаа илэрч, Трамп бухимдав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятад улс Хойд Солонгост нууцаар газрын тос нийлүүлж байгааг илчилсэн мэдээлэл хэвлэлүүдээр тарсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсанд бухимдлаа илэрхийлжээ.

Гэвч Бээжингийн зүгээс дээрх мэдээллийг няцаагаад байгаа юм. Трамп твиттер хуудсандаа “Газар дээрээ баригдлаа! Хойд Солонгост Хятад улс газрын тос нийлүүлж байгааг мэдээд маш ихээр урам хугарав. Хэрвээ энэ байдал үргэлжилсээр байвал Хойд Солонгосын асуудлыг хэзээ ч найрсаг аргаар шийдэж чадахгүй!” гэжээ.

Өнгөрсөн Мягмар гарагт Өмнөд Солонгосын Чосон Илбо сонин Хятад, Хойд Солонгосын хөлгүүд далайд хоорондоо газрын тос шилжүүлж байгаа зургийг АНУ-ын тагнуулын хиймэл дагуулаас авсан тухай мэдээлсэн юм.

Өнгөрсөн аравдугаар сараас хойш нийтдээ 30 орчим удаа ийм нийлүүлэлтийг далайд хийсэн тухай мэдээлжээ.

Есдүгээр сард НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгост нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарласан юм. Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт Хятадын засгийн газар дээрх мэдээллийг няцаасан байна.

Тэд есдүгээр сард гарсан НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн 2375 дугаар тогтоол болон өнгөрсөн долоо хоногт батлагдсан нэмэлт хоригуудыг ёсчлон биелүүлж байгаа гээд “хэвлэлүүдийн мэдээлж байгаа зүйл ямар ч үндэслэлгүй” гэжээ.

Хэрвээ Хятадын тал нууцаар Хойд Солонгосын дэглэмийг дэмжиж байгаа нь батлагдвал Дональд Трамп Пёньяны эсрэг илүү хатуу арга хэмжээ буюу цэрэг зэвсгийн хүч хэрэглэх арга хэмжээг авч магадгүй юм.

 

Эх сурвалж: Russia Today