Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Хулан: Бид бараа авах сонголт хийснээр тойруу замаар олон улсын улс төрийн бодлогыг тодорхойлж байна

ikon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 12 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

1995 оны улс төрийн салбарын шилдэг залуугаар тодорсон УИХ-ын гишүүн асан Х.Хулангийн илтгэлийг хүргэж байна.

 

1996.05.29

Бид бүхний амьдарч буй үе нэг хүний тархинд үл багтам, таамаглахад бэрх, нэн хурдацтай өрнөх нийгмийн өөрчлөлтүүдээр тодорхойлогдож байна. Бий болж буй шинэ асуудлуудын шийдийг олохоор бид зөгнөлт ирээдүй, өнгөрөгч түүхэн сургамжид хандавч, эрчим хүч, хоол хүнс, байгалийн нөөц баялаг, экологи, валют санхүүгийн асуудал, олон улсын хэмжээний асуудлууд болон шинжлэх ухаан техникийн хувьсгалын үр дагавар, цаашдын хандлагыг тэр бүр гүйцэд дүгнэж чадаагүй байна гэж хэлж болно. Энэ асуудлыг судлах томоохон төв-Ромын клуб 1968 онд байгуулагдсан, олон улсын хэмжээнд хамгийн нөлөө бүхий 1,000 гаруй эдийн засгийн байгууллага ба нэр хүндтэй эрдэмтэн мэргэд, улс төрийн зүтгэлтнийг нэгтгэсэн Дэлхийн эдийн засгийн форум Швейцарын Давос хотноо 1971 онд байгуулагдсан ч эдүгээ дэлхий даяар өрнөсөн шинэ үйл явцын судалгаа бүрэн дүүрэн гараагүй байна.

Эрдэмтний судалгаанаас үзэхэд өнөө үед олон улсын хамтын нийгэмлэг, улс орон, ард түмнийг бүхэлд нь хамран өөрчилж буй шинжлэх ухаан техникийн глобал шинжтэй хувьсгал өрнөж байна. Ертөнцийг ганц талаас дүгнэх үзэл, өнгөрөгч түүхэн сургамж, хүрээлэн буй байгаль орчиндоо хандах хүн төрөлхтний үзэл ч үндсээрээ өөрчлөгдөж байна. 20 дугаар зууны эцэст бид хүйтэн дайны буурин дээр үүссэн олон улсын шинэ харилцаа, дэглэмтэй тулгарсан билээ.

Ертөнц өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэж буй боловч уг өөрчлөлт хүн төрөлхтөн түүний дотор Монголчууд бидний хувьд ямаршуу үр дагавартай байх нь тодорхойгүй байна. Ямар ч атугай бид өнөөдөр нэг зүйлийг лавтай хэлж чадах нь: өрнөж буй оршихыг хамрах хувьсгалыг бодитой дүгнэн цэгнэж цаг үеийн шаардлагаас үл зугтан, бидний гол дайсан хэн нэгэн этгээд бус, гагцхүү ирээдүйг өндөр магадлалтай харж чадахгүй байгаа бидний хязгаарлагдмал сэтгэхүй юм гэдгийг ухаарах нь юу юунаас чухал болж байна. Чингээд энэ лекцийн хүрээнд цаг үеийн глобал шаардпагыгтодорхойлжтүүнд хариу өгөх, Монгол үндэсний үзэл санаа, түүний 21 дүгээр зуунд оршин тогтнох сүлд үзлийг томьёолох субъект хэн бэ гэдгийг тодруулах гэж оролдъё.

 

Глобал хамрал-дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага

Мэдээлэл харилцаа, тээвэрт шинэ технологи нэвтэрч үсрэнгүй хөгжсөн хийгээд нөгөө талаас нээлттэй нийгмийн бүтээгдэхүүн болсон ардчиллын төлөвшилт иргэд буй болсон тул эд хөрөнгө, мөнгө, санхүү, тэр байтугай үзэл санаа хүртэл алив хил хязгаарт үл саатан чөлөөтэй харилцан нэвтрэлцэх болжээ. Ийнхүү дэлхийн хүн ам хот суурин газруудадтөвлөрөхявцхурдсан, боловсролын түвшинд нь байнга өсөн, үндэсний аюулгүй байдал хэмээх ойлголт гагцхүү цэргийн түрэмгийллээс хамгаалах утгаар ойлгогдохоо болжээ.

Үндэсний хэмжээний улс төрийн бодлого болон олон улсын бодлогын хоорондох зааг ялгаа улам бүдгэрч, харилцан шүтэлцэх ертөнцөд аливаа нэг ард түмний сайн сайхан бусад олон орны хамтын эрмэлзэл, хамтын ажиллагаанаас шууд хамааралтай байгаа нөхцөлд үндэсний аюулгүй байдал, бүх нийтийн аюулгүй байдал гэсэн ойлголтууд харилцан ойр төстэй болж байна. Ганц хүн гэр бүл, хүүхдүүдээ хоол хүнс, хувцас хунар, байр сууц, боловсрол болон эмнэлгийн тусламжаар хангаж чадахгүйтэй адил, орчин үеийн том жижиг үндэстнүүд иргэдийнхээ болон асар хурдацтай шинээр үүсэж буй асуудлуудаа дангаараа шийдвэрлэж чадахгүй юм. Хүмүүсийн хувь заяа нийт дэлхийн хэмжээгээр харилцан шүтэлцээтэй болжээ. 

Үүний зэрэгцээ иргэд, хүмүүсийн нийгэм болон төрдөө тавих шаардлага өндөрсөж, хувь заяа, ирээдүйгээ өвөг дээдэс шигээ хүлцэнгүй хүлээж авахаа нэгэнт больжээ. Энэ нь олон улсын болон үндэсний байгууламжуудыг арга барилаа өөрчлөхөд хүргэж байна. Өнөөгийн нөхцөл байдалд тухайн улс үндэстэн гагцхүү өөрийн дотоод нөөцөд тулгуурлан оршин тогтнох магадлал багасаж байгаа нь тодорхой. Аль ч үндэстний энх тунх орших, хөгжин дэвших нь түүний газар зүйн хил хязгаараас хавьгүй хол гаргаж буй шийдвэрээс шууд хамааралтай болжээ. Дэлхийн улс түмэн нэгэнт худалдаа, санхүү, харилцаа холбоо болон экологийн глобал хамралын тогтолцооны хэсэг болсон байна. Халдварт өвчин, экологийн сүйрэл, цэрэг дайны өрсөлдөөнийг гагцхүү улс үндэстний явцуу эрх ашгийн үүднээс шийдвэрлэж болно гэж үзэх нь эндүүрэл юм. 

Үр шимт хөрс, цэвэр ус зэрэг нөөц хомстож байгаа нь гагцхүү харилцан буулт хийх, зохицох замаар л шийдвэрлэж болохуйц мөргөлдөөнүүдийг үүсгэж байна. Улс үндэстний явцуу эрх ашгаас мөргөлдөөнүүд үүсэхийн хамт хүн төрөпхтөнг нэгдмэл сүлжээнд нэгтгэн, аливаа сөргөлдөөнийг тогтоож буй хүчин бий болжээ. Жишээ дурдахад, технологийн хөгжил болон улс үндэстнүүдийн харилцан хамаарал өсөж буй явдлын хоорондын шүтэлцээг авч үзье. Мальдив, Коморрын арлууд шиг бяцхан улсуудаас өгсүүлэн АНУ, Орос шиг аваргуудын хил хязгаар түүхэнд байгаагүйгээр нэвтрэмтгий болсон байна. Дуунаас хурдан онгоц, сансрын хөлөг, тив алгасагч пуужин, компьютер, телевиз, факс, радио гэх  мэтчилэн техникийн дэвшлийн үр дүн нь үндэсний хил хязгаарыг нэгэнт арилгажээ. Банк санхүүгийнхэн нүд ирмэхийн зуур нэг тивээс нөгөө рүү асар их хэмжээний мөнгө хөрөнгө шилжүүлэн, үндэсний олон олон улсын эдийн засагт шууд нөлөөлөх боломжтой болжээ. орчин үед телевиз хязгаарлагдмал, хаалттай байдлын эсрэг хэрэглэгдэх гол зэвсэг юм. 

Си-Эн-Эн шиг станцууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч, тэдний мэдээлэл Сомали дахь өлсгөлөн, хуучин Югославын улс, үндэстний хоорондын мөргөлдөөнөөс үүссэн гэмт хэргийг дэлхийн олон нийт эсэргүүцэн тэмцэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүс хилийн чанадад болж буй дуулиант үйл явдлуудын гэрч болж, дууриах хандлага ч өсч байна. Үүний нэг жишээ хуучин ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр 1989 онд Хятадад болсон хэрэг явдал юм. Дэлхийн нэг хязгаарт бүрэлдсэн олон нийтийн санал бодол нөгөө хязгаарынханд тэр дорхноо нөлөөлж байгаа нь нэгэн судлаачийн өгүүлснээр, улс төр санхүүгийн зах зээл шиг нягт хамааралтай болж, тэр байтугай олон улсын хэмжээний улс төрийн хөрөнгийн бирж үүссэн гэж хэлэхүйц болжээ.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа сая хэрэглэгчийг хамарч буй компьютерын сүлжээ ч үүний нэгэн нотолгоо болж байна. Интернет гэж нэрлэдэг компьютерын сүлжээний хүн ам нь 5 жилийн дараа Хятадаас бусад аль ч орны хүн амаас илүү болно гэсэн тооцоо бий. Интернетийн арилжааны сүлжээ ашиглалт сар тутам 10 хувиар өсөж байна. Давос дахь Дэлхийн эдийн засгийн форум 1997 оны 1 дүгээр сар гэхэд дэлхийн нөлөө бүхий 20,000 улс төрийн зүтгэлтэн, эдийн засагч, бизнесмен, эрдэмтнийг холбосон олон улсын цахим нийгэмлэг хэмээх системийг нэвтрүүлэх гэж байна.

Ертөнцийг бүхэлд нь хамрах глобал нийгэмлэг, түүний транснационал удирдлагын үндэс тавигдаж байна гэж хэлж болно. Үндэсний тусгаар орших чадварын болон үндэсний төрийн зохицуулалтын хүрээ хумигдаж байгаа нь энэхүү үйл явцын үр дагавар юм.

Глобал нийгмийн төлөвшилт, олон нийтийн улс төрийн идэвхжилт тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын асуудалд мөн л ижил нөлөө үзүүлж байгаа билээ. Гадаад бодлогын хүрээнд гаргаж буй улс төрийн шийдвэрт шууд нөлөөлөх иргэдийн хүсэл эрмэлзэл өсөж байгаа нь иргэний идэвх болон үндэсний үзлийг шинээр баталгаажуулахад хүргэдэг. Олон нийтийн улс төрийн ухамсар өссөнөөр гадаад бодлогыг олон түмний сэтгэлийн хөдлөлөөс ангид байлгах боломжийг багасгаж гадаад дотоод бодлогыг салгах аргагүй болгожээ. Үндсэндээ бид өдөр тутам олон улсын амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гаргадаг. Бид өдөр болгон ямар чанартай, хаана үйлдвэрлэсэн бараа авах сонголт хийснээр үндэсний болон олон улсын эдийн засагт нөлөөлж, тойруу замаар олон улсын улс төрийн бодлогыг тодорхойлж байна.

Буддын соёлтой танилцах боломж бидэнд өдөр ирэх тутам нээлттэй болж байна. Манай залуус МТВ үзэж, гадаад хэлж сурч, америк сагсчдыг шүтэж байна. Жийнс өмд болон поп-хөгжим Нью Йоркоос Бомбей хүртэл, Лагосоос Москва хүртэл түгж залуусын соёлын салшгүй хэсэг болжээ. Мак Дональд ресторан өнөөгийн Москвагийн дүр төрхийн нэг хэсэг болов. Парисын ойролцоох европын хамгийн том цэнгээнт цэцэрлэг Диснейленд Францын соёлын зүтгэлтний дунд нэлээд маргаан дэгдээсэн. Иймэрхүү нөлөөлөл үндэсний соёлыг уусгана гэсэн айдас Ираны лалын үндсэрхэг үзэл, Канадын салан тусгаарлах урсгал, Хятадын дарангуйлах дэглэм, Бирмын хаалттай байдал зэргийг тэжээж байна.

Жуулчлах, сурч боловсрох, спорт, бизнес, шинжлэх ухааны салбарын хүрээнд жил болгон сая сая хүмүүс хилийн дээс алхаж байгаагаар соёлын харилцан нэвтрэлт бүх нийтийг хамрах шинжтэй болжээ. Энэхүү соёлын харилцан нэвтрэлт ялангуяа залуучууд, бизнес болон улс төрийн хүрээнийхний амьдралыг ойртуулан ижилсүүлж байна. Үүний улс төрийн үр дагавар гэвэл олон улсын ээдрээтэй асуудлыг жирийн иргэдийн түвшинд улам бүр ойлгох болж, нөгөө талаас бусад үндэстний соёл ёс заншлыг хүндэлж үзэх явдал дэлгэрч байгаа юм.

Глобал хямралын үйл явц нь улс төрийн засаглалын хуваарилалт болон хувирч буй эдийн засгийн нөлөөллийн төлөө явагддаг ширүүн өрсөлдөөн юм. Дэлхийн эдийн засгийн форумын мэдээллээр нийт дэлхийн баялаг сүүлийн 5 жилд даруй 50 хувиар өссөн бөгөөд үүний дийлэнх нь Хойд Америк, Зүүн Ази, Нэгдсэн Европын эдийн засагт ногдож байна. Энэ зууны эцэс гэхэд Хойд Америк, Зүүн Ази, Европын хооронд эдийн засгийн хүчин чадлыг тэнцвэрт байдал бий болж, Хятадын эдийн засаг ач холбогдлоороо АНУ-ын дараах 2 дугаар байр эзлэх төлөвтэй. Сүүлийн 15 жилд урьд нь хаалттай байсан эдийн засгийн тогтолцоог либералчилсан үр дүнд 2.5 млрд гаруй хүн дэлхийн зах зээлийн харилцаанд идэвхтэй оролцож эхлэв.

Глобал хамралтын явцыг сөрөх үзэгдлүүд ч бий болж байгаагийн илрэл нь хэт үндсэрхэг үзэл, дангаар оршин тогтнох боломжтой хэмээх эндүүрлийг дэвэргэх явдал юм. Монголын хувьд глобал хамралтын явц бидний хамгийн эмзэг гол хоёр асуудпыгхөндөж байна. Энэ нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал болон монголчуудын соёлын өв уламжлалыг хадгалах асуудал юм.

Монголчууд ба глобал хамрал

Дээр дурдсан хоёр тулгуур асуудалд хариулахын тулд юуны өмнө монгол үндэстэн бүрэлдэн төлөвшиж нэгэн үзүүрт эрмэлзэл бүхий байсан тэр түүхэн хуудсыг эргэн сөхөж үзье. Монголчууд гадаад ертөнцийг хамран оршиж байсан түүхэн үе бий. Чингис хааны байлдан дагуулалт зүгээр нэг цэрэг дайны асуудал бус, Монголчуудын гүнд нягтран бэхэжсэн нэгэн үзүүрт эрмэлзлийг бусад улс үндэстэн хамруулж чадсан буюу үндэсний санааг глобал түвшинд хүргэж чадсан үйл явц юм. Тухайн үеийн түүхэн хөгжлийн хандлагыг нэг талаас шингээж, нөгөө талаас өөрийн үндэсний буюу хязгаарлагдмал орчинд үйлчилж байсан үнэлэмжийг бусдын хүртээл болгох эрмэлзлийн уулзвал дээр 20 дугаар зуун хүртэлх нийт хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлс цогцоор бүрэлдсэн гэж хэлж болно.

Энэ нь:

  • Газар нутаг, түүнтэй холбоотой нөөц баялгийг эзэмших,
  • Дэд бүтэц буюу харилцаа холбоо, удирдлагын зохион байгуулалтын загвар,
  • Засаглалыг хэрэгжүүлэгч субъект- бусдыг давамгайлах үзэл.

Өнөөг хүртэл хүн төрөлхтний түүхэнкөгжил илүү үржил шим нөөц баялагтай газар нутгийг эзэмших өрсөлдөөнөөр тодорхойлогдож байв. Энэ өрсөлдөөнд давуу тал бий болгож чадахуйц эдийн засгийн хөгжлийг хангахын тулд улс үндэстнүүд бас хоорондоо идэвхтэй харилцаж, худалдаа наймаа, мэдээлэл солилцох үйл явц эрчимжжээ.

Чингис хааны нэвтрүүлсэн өртөө, харьяат нутаг дэвсгэрийг удирдан төвхнүүлэх зарчмууд үндсэндээ универсал (нийтлэг) үнэлэмж болон хөгжжээ. Түүхэн өрсөлдөөний гол объект бодит материаллаг баялаг байсан болохоор түүнийг гагцхүү төвлөрсөн засаглал хэрэгжүүлж чадах байсан бөгөөд үүнээс засаглалыг өөрийг нь нэгэн үнэлэмж болгон тахин шүтэх санаа давамгайлсаар ирсэн байна. Нөгөө талаас (бусад улс түмний ёс заншил, шашин шүтлэг, соёл уламжлалд тэвчээр хүлээцтэй хандаж байсан нь монгол үндэстний тухайн үеийн өөрийн сүлд санаа болсон байна. Өөрөөр хэлбэл, гадаад ертөнцийн оршин тогтнох эрхийг хүлээн зөвшөөрснөөр монголчууд өөрсдийн тусгаар орших нөхцөлийг бүрдүүлсэн билээ. 

Мэдээж, хүн төрөлхтний түүхэн хөгжил энэхүү лекцийн хүрээнээс хавьгүй өргөн, нарийн, ээдрээтэй нь дамжиггүй. Гэхдээ соёл иргэншлийн хөгжлийг хамран орших, глобал үүднээс авч үзэхэд дээрх хүчин зүйлс үндсэндээ нийтлэг шинжтэй байсан нь эргэлзээгүй. 20 дугаар зуун хүртэлх хөгжлийн шинэ чанарыг тодорхойлбол экстенсив (тоон өсөлт, гадагш тэлэх) хөгжил гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Аливаа хандлага өөрийн эсрэг хандлага төрүүлдэг жамаар эдийн засгийн оршин тогтнолын хувьд гадаад орчинд хандсан хандлага соёл уламжлалын хүрээнд улс үндэстний дотоод чанар лугаа чиглэсэн эрмэлзлийг бүрдүүлж байв.Үндэсний үзэл санаа урьд нь ч, одоо ч хөгжлийн чухал хүчин зүйл байгаа бөгөөд байх ч болно. Энэхүү гадаад дотоод хандлагыг шингээсэн хүмүүс тухайн улс үндэстний хувьд хөгжлийг тээгч шинэ үеийнхэн болдог билээ. Өөрийн үнэлэмжийг бусдад хүргэх, нийт соёл иргэншилд хамруулан (глобал санааг) хэрэгжүүлэгчид бол шинэ үеийнхэн юм.

Чингис хааны үед Монгол үндэстэн хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлогч гол субъект байсан бөгөөд энэ үүднээс өнөөгийн ертөнцөд Монгол, монголчуудын эзлэх байр суурийг тодорхойлохыг оролдъё.
Юуны түрүүнд өнөө үе нь экстенсив хөгжлөөс интенсив (чанарын буюу хязгаарлагдмал нөөцийг аль болохоор үр ашигтай эзэмших) чиг рүү шилжиж буй үе юм. Газар нутаг, түүний нөөц баялаг эдийн засгийн хөгжлийн гол тодорхойлогч хүчин зүйл байхаа больж, шинэ техник, технологи, мэдээлэл хөгжилд зонхилох үүрэг гүйцэтгэж эхэлснээр хүн төрөлхтний хэмжээнд үнэт зүйлсийн тогтолцоонд чанарын өөрчлөлт орж байна. Энэ нь улс төрийн хүрээг ч хамарч төвлөрсөн засаглал, нэг сургаалыг тахин шүтэхийн энэ зууны гол төлөөлөгч болсон фашист болон коммунист тогтолцоо дампуурлаар илэрсэн юм.

Монголчууд бидний хувьд 1990 он олон зуун жилийн дараа хувь заяа, хөгжлийн загвараа өөрсдөө тодорхойлох түүхэн боломжийг нээж өгсөн билээ. Энэ боломжийг алдах аваас улс үндэстнийхээ хөгжлийг нийт хүн төрөлхтний түүхэн хандлага болгон глобал хамралтын үйл явцаас салангид үзсэнээр дахин хэдэн зуун жил хоцорч, угсаатан зүйн өвөрмөц үзэгдэл төдий болох аюул бодитой нүүрлэх юм. Энд юуны түрүүнд бүрэн эрхт байдлын асуудал тавигдаж байна. Мэдээллийн хүрээ бие даасан хүчин зүйл болсноор улс орны хил хязгаар гэсэн утгаар хамгаалах үүрэг нь суларч, билэгдлийн чанартай болох хандлага өсч байгаа билээ. Аливаа газар зүйн хил хязгаарыг үл харгалзах шинж бүхий мэдээллийн довтолгоонд монгол үндэсний үнэлэмжийн гопголцоог хадгалж, түүнийг глобал хэмжээнд хамруулах нь монгол үндэсний үзэл санааны амин сүнс болох болов уу. 

Өөрчлөгдсөн нөхцөл байдал биднээс юуны өмнө улс төрийн гүн гүнзгий дүн шинжилгээг шаардаж байна. Үндсэндээ экстенсив хөгжилд зохицсон дарангуйлагч 1асаглалын тогтолцоо, үзэл санаагаа мөн л газар зүйн хувьд гадагш тэлэх зорилго бүхий коммунист суртал интенсив хөгжлийн шаардлагыг хангаж чадахгүй болсноор хэрэг дээрээ хамаарагдсан улс орнууд 20 дугаар зууны сүүлээр дампуурсан нь хуучин ЗХУ-аас хараат байдалд байсан Монголд ч нөлөөлжээ. 70 гаруй жил ноёрхсон нийгмийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж буй энэ үеийг шилжилтийн бус завсрын гэж томьёолох нь илүү оновчтой болов уу. 

Учир нь шилжилтийн үе хөгжлийн хандлагыг цогц тодорхойлж, хаанаас хаана хүрэх тодорхой чиглэлтэй байгаа нийгмийн хувьд илүү оновчтой болох бөгөөд Монгол үндэстний тулгуур асуудал болох тусгаар тогтнол, үндэсний соёл, өв уламжлалаа хадгалж глобал үйл явцад хамаарах хүртээл болгох зорилт бүдэг бараг тодорхойлогдон, нийт үндэсний үзэл санаа хараахан бүрэлдээгүй нөхцөл байдалд хэсэг бүлэг хүмүүсийн явцуу эрх ашиг, хязгаарлагдмал сонирхол төрийн бодлогыг хөтөлж байгаа хэсэгхэн цаг хугацааг завсрын үе гэж хэлмээр байна.

Монголчуудыг үндэстний хувьд бүрэлдүүлэн нэгтгэсэн үндэсний үзэл санаа нь тухайн үед ертөнцийн зах хязгаар хүртэл монгол дэглэмийг тогтоох явдал байсан бөгөөд энэхүү үзлийн тээгч болсон тодорхой хүмүүс байсныг шинэ үеийнхэн гэж тодорхойлсон учир нь өнөөгийн завсрын үед ч глобал хамаарлыг үндэсний уламжлалтай шингээсэн нэгэн шинэ үе бүрдэн тогтож байгаа нь өөрийн түүхэн эх үүсвэртэй юм. Тухайн үеийн монгол дэглэм гэсэн ойлголт нь хамгийн өргөн утгаар юуны түрүүнд олон янзын соёл иргэншил зэрэгцэн, харилцан шүтэлцээтэй оршихыг хэлж байгаа бөгөөд энэ нь монгол үндэстний глобал санаа байсан юм.
Өнөөгийн Монголд улс төрийн хүрээнд үндэсний үзэл санааг бүрдүүлэх хүчин хараахан төлөвшөөгүй гэж хэлэх үндэстэй болов уу.

1990-1992 онуудын сонгуулийн үр дүнд эрх баригч нам парламентад олонхын суудал авснаар улс төрийн хүчний хувьд дотроо үзэл бодлын ялгарал тодрох боломж хомс байв. Хэдийгээр 1991 оны сүүлд эрх баригч намаас Сэргэн мандлын нам тасран биеэ даасан боловч угтаа эрх мэдлийг төвлөрүүлсэн утгаар эрх баригч нам үндсэндээ томоохон нэгдэл хэвээр үлдэж 1992 оны сонгуулиар УИХ-ын 70 суудлыг авснаар явцуу эрх ашиг, сонирхол цөм нь болсон хэвээр байна. Хэдийгээр үзэл бодлын ялгавар тодорхой хэмжээгээр илэрдэг боловч эрх баригч субъектийн утгаар бүлгийн сонирхлоос илүү байж чадахгүй билээ. Зургаан жил цөөнх байсан шинэ намуудын хувьд төлөвшил, үзэл санааны ялгаа заагийн асуудал бас ч хялбар байсангүй. 

Явцуу эрх ашигт хөтлөгдөх явдал бараг үгүй байсан ч намуудын гүнд төрж байсан шинэ мэдлэг чадамжийг улс төрийн хүрээнд хэрэгжүүлэн бодит амьдралын шалгавраар цэгнэх боломж хомс, оновчтой санаа төвлөрүүлэх цөм сул, үндсэндээ ардчилсан хүч, шинэ намууд гэсэн ойлголтын хүрээнээс гарч, үзэл бодлын ялгаа зааг тодрох нөхцөл мөн л хомс байна. 

Үзэл бодлыг төлөвшүүлэх үндсэн нөхцөл болох улс төрийн хүчнүүдийн тэнцвэрт байдал алдагдсан нөхцөлд хамгийн хоцрогдмол, хэлбэрийн хувьд хялбар мэт боловч угтаа хязгаарлагдмал, аливаа өөрчлөлтийг үгүйсгэх үзэл газар авч, хэсэгхэн хугацаанд бухимдсан олон түмнийг өөртөө татаж, шинэ санааг үл нэвтрүүлэх орчинг бий болгодгыгтүүх бэлхнээ гэрчилнэ. Монголын хувьд ертөнцөд нээлттэй болж соёл иргэншлийн глобал хамралтад шуурхайлан орсон явдал эсрэг хандлагыг бий болгосон нь улс орны тусгаар тогтнолын асуудлыг гагцхүү газар нутаг.соёл уламжлалыг угсаатан зүй, язгуур урлаг төдийгөөр ойлгон, монгол үндэстний хөгжлийн цорын ганц боломжийн хувилбар гадаад ертөнцөөс хаалттай оршин тогтнох мэтээр сурталчлах хүчнүүд гарч ирснээр илэрч байна. Эдгээр хүчний эх сурвалж аливаа гадаад орчин, нөхцөл байдлын өөрчлөлтийг үл мэдрэн, зохицох чадвар үгүйд оршино. 

Энэ утгаар шинэ үе гэдэг нь аль нэг насны ялгаа зааг бус, орчиндоо зохицож орчноо өөрчлөх чадвар юм. Өнөөгийн бидний хувьд энэ шинэ үе байхгүй биш, байгаа бөгөөд гагцхүү шинэ санааг төвлөрүүлэн нэгтгэх асуудал юм. Монгол улсын тусгаар тогтнол монгол үндэстэн нийт ертөнцийг хамарсан глобал хамралтад нэгдэхээр үл барам, үндэснийхээ үнэт зүйлс, өөрийн шинэ санаагаа хүн төрөлхтний хүртээл болгосноор баталгаажих юм. Шинэ үеийнхний улс төрийн төвлөрөл дээр дурдсан хүчин зүйлийн улмаас удааширсан. Харин ирэх сонгуулиар нэлээд асуудал тодорч болзошгүй. Харьцангуй олонхын санал зуун хувийн эрх мэдэл олж авдаг оновчгүй сонгуулийн хувилбарын сөрөг үр дагавар илрэх бөгөөд одоогийн сонгуулийн компаниас ажиглахад улс орны эдийн засаг хямралт байдалд байхад нүсэр их хөрөнгө хүч шаардсан хувилбар болох нь илэрхий байна. 

Гэхдээ сүүлийн 6 жилийн улс төрийн сургамжууд талаар болохгүй бөгөөд янз бүрийн учир шалтгаанаар өөр намууд, нам бус ШИНЭ ҮЕИЙНХЭН нэгэн үзүүрт эрмэлзэлд хөтлөгдөн ШИНЭ САНААГАА нэгтгэх нь дамжиггүй. Шинэ үеийнхний хараахан эзлээгүй орон зайг хамгийн хоцрогдмол, хязгаарлагдмал эрмэлзэлтэй бусдыг үгүйсгэн оршихыг урьтал болгогч хүчнүүд эзэлж болзошгүйг анхаарууштай. Шинэ санаа-оршихыг хамрах Монгол үзэл буюу хамтран оршсоноор тусгаар тогтноно. Задлаваас: нэгэнт нээлттэй болсон ертөнцөд хөл тавин орж орших хэлбэрээ тодорхойлон, тусгаар тогтнолоо болон соёл уламжлалын үнэт зүйлсээ хадгалан хөгжүүлэх хамгийн таатай нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэнэм.

1996.05.29