Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нисдэг тавагтай хөөцөлдөж байгаа дүрс бичлэгийг Пентагоны нууцаас ил гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хоёр сарын өмнө Пентагоноос тэтгэвэртээ гарсан тагнуулын албаны офицер Луйз Элизондо нисдэг тавагны нууц гурван дүрс бичлэгийг олон нийтэд ил болгожээ,

Пентагоны нууц архивт байсан уг бичлэгт байлдааны онгоцнууд нууцлаг нисдэг тавагнуудын (UFO) араас хөөцөлдөж байгааг харуулсан байна. Зууван хэлбэртэй биетийг нисгэгчид радартаа оруулах гэж хэрхэн оролдож байгааг бүхээгний камернаас бичсэн байгаа юм. Элизондо эдгээр дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлэх эрхийг Пентагоноос авахдаа нисгэгчдийн аюулгүй ажиллагаанд хэрэг болох материал гэж тайлбарласан байна.

Гэвч дараа нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийнхөө 7 жил удирдсан UFO-г судлах нууцлаг хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой гэжээ.

Advanced Aviation Threat Identification Programme нэртэй энэхүү нууц хөтөлбөр үнэхээр байдаг тухай өнгөрсөн Бямба гарагт Пентагоны төлөөлөгч анх удаа мэдээлсэн юм. Дээрх хөтөлбөр нь АНУ-ын агаарын хүчнийг янз бүрийн довтолгооноос хамгаалахад бэлдэх зориулалттай болохыг Пентагоны удирдлага баталсан байна. Болзошгүй аюулын тоонд UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетүүд багтаж байгаа юм. Мөн арилжааны зориулалттай дронууд, дайсны талын элдэв нисдэг төхөөрөмжүүд багтжээ.

1950-1960-аад оны үед АНУ-ын эрх баригчид UFO-гийн хойноос эрчимтэй хөөцөлдөж байсан гэдэг. Тэр цагаас хойш нийтдээ $22 саяыг энэ ажилд зарцуулсан ба 2012 оноос санхүүжилтийг нь зогсоосон байна.

Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр UFO-той хөөцөлдөх ажил саяхнаас дахин эхэлсэн гэнэ. Харин одоо болтол харь гарагийн хөлөг байгааг баталсан тохиолдол байхгүйг албаныхан мэдээлсэн юм.

Гурван дүрс бичлэгийн эхний хоёр нь YouTube сүлжээнд тавигдаад байна. Гурав дахыг удахгүй гаргах гэнэ.

 

Эх сурвалж: The Washington Post