Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Хуулиар гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгоно.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх юм.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба