Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Хишигсүрэн: Баяр ёслолын үеэр ГССҮТ-д өдөрт 500-600 хүн үйлчлүүлдэг

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс, Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй /ГССҮТ/ хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинэ жилийн баяр удахгүй тохиож байгаатай холбогдуулан иргэдийг аюулгүй байдлаа хангах талаар зөвлөмж өгсөн юм. 

Гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.8 хувиар өссөн

 
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Хурандаа Г.Алтансүх "Цагдаагийн байгууллага энэ оны эхний 11 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 164948 хүлээж авснаас гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 59,809 буюу нийт дуудлагын 36.3 хувь, зөрчлийн дуудлага 93,279 буюу 56.6 хувийг тус тус эзэлж байна.

Эхний 11 сарын байдлаар 29,576 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 66.4 хувь нь Улаанбаатар хотод, 33.5 хувь нь орон нутагт үйлдэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэрэг 4,251 буюу 16.8 хувиар өссөн. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүний 14.2 хувь эмэгтэй байгаа нь өмнөх оноос 31.2 хувиар, насанд хүрээгүй хүүхэд 914 буюу 5.7 хувь байгаа нь өмнөх оноос 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
Улсын хэмжээнд нийт 77,157 хүн эрүүлжүүлэгдсэнээс 60.3 хувь нь Улаанбаатар хотод, 39.7 хувь нь орон нутагт, 4,862 буюу 6.3 хувь нь эмэгтэй 245 буюу 0.3 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байна. Шинэ жилийн болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын арга хэмжээний үеэр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл ихэсдэг. Ялангуяа байгууллага, аж ахуй нэгжүүд баярын ёслолын арга хэмжээг хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчдаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна гэдэгт анхаарал тавьдаггүй.
 
Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хэдхэн жилийн өмнө Талархлын бичгээ тэврээд хөлдөж нас барсан, зөвшөөрөлгүй, гарал үүсэл тодорхойгүй салют буудуулж бие эрхтнээрээ хохирч хараагүй, гаргүй болсон зэрэг харамсалтай тохиолдол гарч байсныг бид санах хэрэгтэй" гэлээ.

15 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтсэн байдаг

 
Гэрэл зургийг mpa.mn

ГССҮТ-ын Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Хишигсүрэн "Аливаа баяр, ёслолын өдрүүдэд ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн цэгээр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгддэг. Манай төвд өнгөрсөн онд 77,890 хүн яаралтай тусламж авсан бол энэ оны эхний 11 сарын байдлаар 77,903 хүн болж өссөн. Өдөрт 250 хүн ГССҮТ-д үйлчлүүлдэг. Харин баяр ёслолын үед энэ тоо нэмэгдэж 500-600 болдог. Гэтэл эдгээр үйлчлүүлэгчдийн 15 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтсэн байдаг. Энэ дотор насанд хүрээгүй хүүхэд бүртгэгдсэн. 

Мөн хүн хоорондын зодоон, авто осол, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож нас барсан тохиолдол олон байгаа. Өнгөрсөн оны шинэ жилээр 6,773 хүн яаралтай тусламжид ирснээс 17.3 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Үүнээс 18 нас хүрээгүй 3 хүүхэд, 18-21 насны 90 хүн бүртгэгдсэн. Тиймээс баярын өдрүүдэд иргэд маань анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундааг тохируулан хэрэглэхийг уриалж байна" гэлээ.

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ЦЕГ-аас гаргасан зөвлөмжийг хүргэж байна. 
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах
  • Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх
  • Салют, бенгалын гал худалдан борлуулдаг зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахыг хориглож, аюулгүй ажиллагааны зааврыг худалдан авагч нэг бүрт тарааж ажиллах
  • Ил задгай иргэдийн гар дээрээс гарал үүсэл, тодорхойгүй салют, бенгалын гал болон ижил төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх, гудамж талбай, олон нийтийн газар иргэн зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгслээр буудлага хийхгүй байх