Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Од хооронд зорчигч биетийг харь гарагийн хөлөг мөн эсэхийг шалгана

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Манай нарны системийг дайран өнгөрч байгаа нэгэн нууцлаг биетийг хүн төрөлхтний олж мэдсэн анхны од хоорондын биет гэж үзэж байгаа юм.

Тэгвэл энэ биетэд ямар нэг харь гарагийн нууцлаг технологи шингэсэн эсэхийг манай дэлхийн хамгийн том телескопуудын нэгийг ашиглан шалгахаар болжээ.

Өнгөрсөн аравдугаар сард анх илрүүлсэн энэхүү навчин тамхины хэлбэртэй биетийг ямар нэг радио долгион цацаргаж байгаа эсэхийг Баруун Виржиниад байрлах “The Green Bank” телескопоор шалгах гэнэ.

Уг биет өөр одны ордоос манай нарны аймагт зочилж, дээд тал нь 315,000 км/цаг хурдтайгаар нисэж яваа.

Радио долгионыг нь шалгах ажлыг хариуцаж байгаа “Breakthrough Listen” төслийн эрдэмтэд Оумуамуа гэж нэрлэгдэж байгаа биетийг Лхагва гарагт шалгахаар болжээ.

Эхний ээлжийн шалгалт 10 цаг орчим үргэлжилж, дөрвөн өөр радио давтамжийн зурваст ямар нэг дохиог хайх юм. Хэрвээ дохио цацаж байгаа нь мэдэгдвэл энэхүү биетийг хиймэл биет гэж үзэх гэнэ. Харин ямар нэг радио дохио бүртгэгдэхгүй бол энгийн сансрын биет гэж дүгнэх юм.

Анх аравдугаар сард Хавайн их сургуулийн судлаачид Pan-Starrs телескопоор уг биетийг илрүүлж, нутгийн хэлээр Оумуамуа хэмээн нэрлэсэн байна.

Энэхүү үг нь элч гэсэн утгатай үг юм. Од хоорондын биет манай дэлхийд хамгийн их ойртохдоо дэлхийгээс сар хүртэл зайг 85 дахин үржүүлсэнтэй тэнцэх зайнд өнгөрч байв.

400 метр урттай боловч 40 метр өргөнтэй энэхүү өвөрмөц биет сансрын бусад биетүүдтэй огт адилгүй хэлбэртэй байгаа учраас харь гарагийн ямар нэг хөлөг байх магадлалтай гэж зарим эрдэмтэд таамаглаж байгаа юм.

Одоогоор Оумуамуа биет нь манай дэлхийгээс нар хүртэл зайнаас хоёр дахин хол аялж яваа ч радио дохиог нь шалгах бүрэн боломжтой юм байна.

Эх сурвалж: The Guarduan