Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн ажилчид Бээжин хотод эсэргүүцлийн жагсаал хийжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Бээжин хотод Хятадын хөдөө орон нутгаас олон мянган ажилчин ирж хар бор ажил эрхэлдэг. Тэд хотын зах орчмоор байрлах нийтийн байруудад түр орогнон амьдардаг юм. Тэгвэл арваннэгдүгээр сараас эхлэн Бээжин хотын захиргаа тэдний оромжуудыг буулгаж, хотоос хүчээр нүүлгэж эхэлжээ.

Өчигдөр буюу Ням гарагт ингэж гадуурхагдсан олон зуун цагаач ажилчин Тяньаньмэний талбайгаас зүүн хойд зүгт 20 км зайтай оршдог Фэйжя тосгоны гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Тэд өөрсдийг нь хүчээр Бээжин хотоос хөөсөн нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Өчигдөр болсон явдлын талаар Хятадын төв хэвлэлүүд чимээгүй өнгөрсөн бол онлайн орчинд эрчимтэй тархсан юм.

Цагаач ажилчдыг нийслэл хотоос хүчээр хөөж эхэлснээс хойш анх удаа ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. Жагсагчдын зарим нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг шууд буруутгаж байгаа юм.

Бээжин хотын захиргааны шийдвэрээр хотын зах дагуу байрласан орон нутгийн цагаач ажилчдын оромжуудыг нурааж, хүмүүсийг хүчээр хотоос гаргаж байгаа.

Хотын захиргааны энэ ажиллагаа нь Бээжин хотыг цэвэрхэн соёлтой болгох, агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian